"ЧИНГИС ХААН: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн HISTORIA сэтгүүлийн "ТҮҮХИЙН ШИЛДЭГ ҮЗЭСГЭЛЭН"-ээр шалгарлаа
Монгол,Франц улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор Францын Нонт хотноо дэлгэгдсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Францын алдарт Historia сэтгүүлийн 2024 оны "Шилдэг үзэсгэлэн" шагналыг хүртлээ.
1909 оноос хойш түүхийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй Historia сэтгүүл нь 2010 оноос эхлэн үйл ажиллагаа, үзэсгэлэн, кино, шоу урлаг зэрэг салбарт түүхийг бүтээхэд оролцож буй оролцогчдыг урамшуулах зорилгоор нэрэмжит шагналаа гардуулж эхэлжээ.
Шагналыг салбарын нэр хүндтэй шүүгчдийн бүрэлдэхүүн Historia сэтгүүлтэй хамтран шүүдэг бөгөөд энэ жил түүхэн ном, түүх уншигчдын шагнал, жүжиг, комик зураг, үзэсгэлэн, дэлгэц, инновац, шилдэг 8 номинацид сонгон шалгаруулалтыг явуулсан байна.
Шүүгчдийн зүгээс уг үзэсгэлэнг Монголын түүх болон Их эзэн Чингис хааны тухай Франц төдийгүй Европт гарсан хамгийн чухал үзэсгэлэн байсныг онцолж, Монголын түүхээс гадна Pax Mongolica-г дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй худалдааны өндөр ач холбогдолтой даяарчлал гэж өнөө үед үзэж болохыг дэлгэн харуулсан хэмээн онцлов.