Монгол Улсын Одон орон, геофизикийн хүрээлэн болон Францын Атомын энергийн комиссариат 30 жилийн ой боллоо
Монголын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн болон Францын Атомын энергийн комиссариат хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн ойг тохиолдуулан Францын Бруйэр-лө-Шатэл хотод 10 дугаар сарын 2-ны өдөр ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээг нээж францын талаас Атомын энергийн комиссариатын захирал ноён Жан-Филипп Вэржэ, тус комиссариатын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудал хариуцсан захирал ноён Брюно Лөбрэ, монголын талаас Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Академич С.Дэмбэрэл, Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү нар үг хэлэв.
Хамтын ажиллагааны ойн баяраар хоёр талын эрдэмтэн судлаачид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийсэн бүтээн байгуулалт, хамтарсан судалгаа, амжилтаа эргэн дурсаж, тэмдэглэн өнгөрөөв.
Мөн ойн арга хэмжээний дараа өдөр /10 дугаар сарын 3-ны өдөр/ Элчин сайд У.Нямхүү Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдыг ЭСЯ-ндаа хүлээн авч, тэдний үйл ажиллагаа, шинжилгээ, судалгаа, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар ярилцаж, тэдний гадаад хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахдаа бэлэн буйгаа илэрхийлэв.
Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа Шинжлэх ухааны салбарт олон жилийн хугацаанд тогтвортой хамтарч нэг гэр бүл мэт болсон та бүхэнд “Хамтын ажиллагааны 30 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье !”