images

Франц Улсад суугаа Элчин сайдын яамд, Олон улсын байгууллага, ЮНЕСКО-ийн төлөөлөгчид “Монголиа Хаус”-д зочлов

ЭСЯ-ны мэдээ

2024-08-15

247

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Парис хот дахь Элчин сайдын яамд, Олон улсын байгууллагууд, ЮНЕСКО-ийн Байнгын төлөөлөгчийн газруудын удирдлага, төлөөлөгчдөд зориулж  2024 оны 7 дугаар сарын 31, 8 дугаар сарын 2-ны өдүүдэд “Парис 2024” зуны Олимпын наадмын үеэр Ла Виллет цэцэрлэгт хүрээлэнд нээгдсэн “Монголиа Хаус” хотхоны үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.

 

Тус арга хэмжээнд Азербайжан, Беларус, Бельги, Герман, Индонез, Ирак, Казакстан, Колумб, Мадагаскар, Монако, Монтенегро, Чех, Словени, Чили, Судан, ОХУ, Унгар, Польш улсын Элчин сайдын яамд, Вьетнам, Герман, Франц, Индонез, Казакстан, Мавритани, Мьянмар, Молдав, ОХУ, Панам, Туркменистан, Япон зэрэг улсын Байнгын төлөөлөгчид, ЮНЕСКО-ийн Гадаад харилцаа, соёлын салбар, дэлхийн өвийн төвийн төлөөлөгчид, Францын төр засгийн байгууллагууд, Францын Хөгжлийн агентлаг, Кампус Франц байгууллага, Орано групп, Societe General банк, Бориалиа хэвлэлийн компани, монголч эрдэмтэн судлаач зэрэг 100 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид “Монголия Хаус” нь монгол үндэстний тэр дундаа нүүдэлчин ард түмний түүх, соёл, уламжлал, соёлын биет бус өв, “Наадам” зэргийг шингээсэн их өвөрмөц сурталчилгаа болж буйг онцлон монгол багийн өмсгөлийн нарийн ур хийцийг магтан сайшааж,  анхны мөнгөн медалийг жүдо бөхийн тамирчин хүртсэнд баяр хүргэж бусад тамирчдад амжилт хүсэн Go Mongolia-г дэмжиж буйгаа илэрхийлцгээв.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү зочдод хотхоны үйл ажиллагааг танилцуулахдаа Олимпын үеэр анх удаа Монгол улс эх орноо сурталчилж буй энэхүү том төслийг Монголын Үндэсний олимпын хорооноос санаачлан Засгийн газар, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглээд энэ удаагийн Олимпын наадмаас Монгол улс анхны олимпын мөнгөн медалийг жүдогийн тамирчин Б.Баасанхүү хүртээд буйг мэдээлэв.

“Монголиа хаус”-ын зорилго бол Олимпын үеэр Монгол орныг сурталчлах, “Go Mongolia” хөтөлбөрийг танилцуулах, Монголд зочлохыг уриалах, монгол ахуй соёл, уламжлалтай танилцах, түүний дотор ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвүүдээ танилцуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа гэдгийг тэрээр онцлов. Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлсэн болохыг мөн тэмдэглэж, гишүүн орнуудын дэмжлэгт найдаж буйгаа илэрхийллээ.

 “Монголиа Хаус” нь Олимпын үеэр өдөр бүр 8 дугаар сарын 10-ныг хүртэл нээлттэй ажилласан бөгөөд  хүрэлцэн ирсэн зочдод Монголын баг тамирчидтай уулзахын сацуу монгол ахуй соёл, уламжлалт тоглоом наадгайтай танилцаж нүүдэлчдийн хоол ундааг амтлах боломжийг олгосон юм.