ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАРУУНБАЯН-УЛААН СУМ БОЛОН ФРАНЦЫН РОН МУЖИЙН БРЮССИӨ ТОСГОН АХ ДҮҮ НАЙРАМДАЛТ ХАРИЛЦАА ТОГТООВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү Францын Рон мужийн Брюссиө тосгоны Засаг дарга хатагтай Катрин Лоттэ, “Буяндорж” нийгэмлэгийн тэргүүн ноён Патрис Бярд нарын урилгаар Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум Францын Брюссиө тосгон хооронд ах дүү хотын найрсаг харилцаа тогтоосныг тэмдэглэх арга хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр оролцов.
Энэхүү ах дүү хотын найрамдалт харилцааны эхлэл нь 2023 оны 4 дүгээр сард Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Д.Баатарчулуун тэргүүтэй сумын дунд сургуулийн багш, сурагчдаас бүрдсэн төлөөлөгчид Бруссиө тосгоны “Tisser la Рaix” төрийн бус байгууллагын урилгаар сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Франц Улсад хүрэлцэн ирж байснаар тавигдаж эхэлсэн юм. (2023 оны Сурагч солилцооны хөтөлбөрийн тухай мэдээлэл)
Ах дүү хотын найрсаг харилцаа тогтоосны албан ёсны арга хэмжээгээр тосгоны Засаг дарга хатагтай Катрин Лоттэ тосгоны дунд сургуулийн сурагчид, оршин суугчдын хамт Элчин сайд У.Нямхүүг угтан авч Брюссиө тосгонд ирэх замд байх “замын хаяг: Commune jumelée avec Baruunbayan-Ulaan (Mongolie)” буюу Монголын Баруунбаян-Улаан сумтай найрамдалт харилцаатай тосгон хэмээх хаягийг нээж тууз хайчилж нээлтийн арга хэмжээг эхлүүлэв.
Элчин сайд У.Нямхүү арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Монгол, Францын харилцаанд орон нутаг хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хатагтай Кристианэ Мордолет, сурагч солилцооны хөтөлбөрт дэмжлэг үзүүлж буй “Буяндорж” нийгэмлэгийн хамт олонд талархлаа илэрхийлсний зэрэгцээ Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Д.Баатарчулууны мэндчилгээг уламжлав.
Энэ өдрийн арга хэмжээнд зориулан “Буяндорж” нийгэмлэг Захиргааны байрандаа үзэсгэлэн, олон нийтэд идээ ундаа, хөгжөөнт тоглоом зохион байгуулахаар бэлтгэсэн бөгөөд эдгээр арга хэмжээнд Брюссиө хотын оршин суугчид өргөнөөр хамрагдлаа.
Монгол, Францын орон нутгуудын харилцаа, төвлөрсөн бус хамтын ажиллагаа цаашид улам өргөжин бэхжих болтугай!