ОЛОН УЛСЫН ЦАЙНЫ ӨДРИЙГ ЮНЕСКО-Д ТЭМДЭГЛЭВ
Олон улсын цайны өдрийг Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд гурав дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн 74 дүгээр тогтоолоор “Олон улсын цайны өдөр”-ийг дэлхий дахинаа тэмдэглэж байхаар тогтсон юм.
Олон улсын цайны өдрийг ЮНЕСКО-гийн Коммунити нийгэмлэгээс санаачлан Франц-Хятадын соёл, урлагийн солилцооны төвийн дэмжлэгээр ЮНЕСКО-гийн төв байранд цайг сонирхогч хэрэглэгч гишүүн орнуудын оролцоотойгоор тэмдэглэдэг уламжлал тогтоод байна.
Энэ удаагийн цайны өдрийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэсэн бөгөөд цайны өдөрт нийт 16 гишүүн улс хамтран оролцож өөрсдийн улс орны онцлог цайны соёлоо танилцуулав. Үүний дотор Вьетнам, Казакстан, Франц, Япон улс анх удаа оролцов.
ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газрын хувьд олон улсын цайны өдөрт 3 дахь жилдээ оролцож Монголчуудын цайны соёл, онцлог, нүүдэлчин ард түмний цайны ач холбогдлыг сурталчлан сүүтэй цайны амталгаа хийж хүрэлцэн ирсэн зочдод сонирхуулав.
Монголчуудын цайны онцлог болон цай бэлтгэн чанах, буцалгах, давс хийх, сүү цагаан идээг өргөнөөр ашиглаж буйг зочид ихэд сонирхон амтлав.