ОЛОН УЛСЫН ВЕСАК ӨДРИЙГ ЮНЕСКО-Д ТЭМДЭГЛЭВ
Бурханы шашинтай азийн улс орнуудаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрууд хамтран Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Олон улсын Весак өдрийг ЮНЕСКО-ийн төв байранд 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өргөн дэлгэр тэмдэглэв.
Энэхүү өдрийг НҮБ-д тэмдэглэх тухай тогтоолыг 1999 онд баталсан бол тогтоол баталсны 25 жилийн ойг тохиолдуулан эл өдрийг ЮНЕСКО-д мөн тэмдэглэх тухай тогтоолыг 2024 оны 3 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 219 дүгээр чуулганаар баталсан юм.
Энэхүү тэмдэглэлт өдрийн арга хэмжээг ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Шри Ланка Улсын Байнгын төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд соёлын арга хэмжээнд Шри Ланка, Вьетнам, Тайланд, Непал, Хятад, Монгол, Индонез, Бангладеш улс өөрсдийн улс орны урлаг соёлын хөтөлбөрөө танилцуулсан бол Хятад, Япон, Бүгд Найрамдах Солонгос, Лаос, Малайз, Мьянмар, Непал, Пакистан, Сингапур, Шри Ланка, Тайланд, Узбекистан улс олон үндэстний хоолны үдэшт оролцож үндэсний зоогоо сурталчлав.
“Талын цацал” ТББ-ын тэргүүн, Парис хотноо ажиллаж, амьдардаг Я.Ариунаа Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн монголын уламжлалт бүжиг - бий биелгээг сонирхуулав.
Уг арга хэмжээнд оролцсон ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн орлогч захирал, Гүйцэтгэх зөвлөлийн дарга, Шри Ланка Улсын Боловсролын сайд, Олон улсын бурханы шашны төвийн тэргүүн лам, Франц дахь бурханы шашны холбооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид даян дэлхийд энх тайван, тогтвортой хөгжлийг цогцлоох үйлсэд Бурхан багшийн сургаалийн ач холбогдол, ЮНЕСКО-гийн хөтөлбөрүүдээр хэрхэн хөхиүлэн дэмжиж буй зэргийг хэлсэн үгэндээ онцолж байв.