images

БРЕТАНИЙН ГҮНГИЙН ШИЛТГЭЭНД "МОНГОЛ НААДАМ - ХАВРЫН БАЯР” БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2024-04-22

480

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макроны ивээл дор дэлгэгдсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бретанийн гүнгийн шилтгээн – Нант хотын түүхийн музейд нээлтээ хийж 7 сар орчим хугацаанд үзэгчдийн хүртээл болон ирэх 5 дугаар сарын эхээр өндөрлөх гэж байна.

Энэхүү үзэсгэлэн үзэгч олны сонирхлыг ихээхэн татаж энэ оны 2 дугаар сарын тоо мэдээгээр 200 мянга гаруй үзэгчид, үзэсгэлэн дагалдах соёл урлагийн хөтөлбөрүүдийг 20 мянга гаруй франц, болон гадаадын зочид үзээд байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд Монгол Улсын түүх, соёл урлагийг сурталчлан таниулах олон арга хэмжээ зохиогдсон бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монгол Наадам – Хаврын баяр” арга хэмжээг Нантын түүхийн музей, үзэсгэлэнгийн соёл урлагийн хөтөлбөрийг хариуцан ажилласан “Нүүдэлчин зам” Routes Nomades  төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Наадмын нээлтэд Элчин сайд У.Нямхүү, Нант хот ын Засаг даргын орлогч Оливье Шатьу, Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гиеэ нар үг хэлсний сацуу Монголын Үндэсний бөхийн холбооноос мэндчилгээ дэвшүүлэн Төрийн туульч А.Балдандорж “Алтайн магтаал” хайлав.

Энэхүү наадамд Үндэсний монгол бөхийн барилдаан, нум сумын харваа, шагайн харваа, хавчаахай харвааны тэмцээн, үзүүлбэрүүд явагдав.

Мөн төрийн туульч А.Балдандоржийн тоглолт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хөөмийч Д.Батсүхийн тоглолт, зураач, урлаг судлаач Э.Отгонбаярын бие даасан үзэсгэлэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, орчуулагч Р.Мөнхзул нарын уншигчидтай хийсэн ярилцлага, аяллын нийтлэлч Марк Алугийн тэмдэглэлийн ярилцлага, Франц дахь Монгол судлалын холбооны эрдэмтэд судлаачдын бага хурал, ИНАЛКО хэл иргэншлийн дээд сургуулийн монгол хэлний багш Ч.Номиндарийн монгол бичгийн хичээл, урлаг судлаач Жоанни Курьтегийн хөөмий, уртын дууны хичээл, Д.Баттулгын монгол зураг танилцуулга, буриад зон олны ёохор бүжиг, орчуулагч, багш Г.Хишиг-Эрдэнэ шагайн наадгай тоглоомыг танилцуулж, Б.Саран захиралтай “Даса суши” хоолны газар монгол хоол зоогоор наадамчин олонд үйлчлэв.

Хоёр өдөр үргэлжилсэн, соёл урлагийн баялаг хөтөлбөртэй “Монгол наадам – Хаврын баяр” арга хэмжээгээр 7 сар үргэлжилсэн үзэсгэлэнгийн соёлын хөтөлбөр ийнхүү амжилттай өндөрлөж байна