images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ МАРСEЛЬ ХОТНОО АЖИЛЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-02-21

462

Элчин сайд У.Нямхүү энэ сарын 20-ны өдөр Марсель хотноо ажиллаж тус хотын Засаг дарга Бенуа Пайянтай уулзаж, Монгол, Францын харилцаа, орон нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, 2023 онд хоёр орны харилцаанд өрнөсөн чухал үйл явдлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хотын дарга Бенуа Пайян Элчин сайд Нямхүүд Францын хоёр дахь том хотод хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, тус хот нь Парис хотын дараагаар Дипломат төлөөлөгчийн газрууд байрладаг буюу олон орны Ерөнхий консулын газрууд байдаг болохыг тэмдэглэв.

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсад урьд өмнө нь ажиллаж байсан Марсель хотод төвтэй олон улсын катерингийн үйлчилгээ эрхэлдэг CIS группын үйл ажиллагаатай танилцлаа. CIS групп нь Монголын уул уурхайн "Бороо голд", "Оюу толгой" гэх зэрэг томоохон төслүүдэд катерингийн үйлчилгээ 15 жилийн хугацаанд үзүүлж байсан туршлагатай, цаашид Монголын зах зээлд эргэн ирж үйл ажиллагаагаа сэргээн идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа группын ерөнхийлөгч ноён Режис Арно, удирдлагууд нь илэрхийлэв.