Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны чуулганд оролцож байна
Ботсвана Улсын Касане хотод болж буй ЮНЕСКО -гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 18 дугаар ээлжит чуулганд Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.
2023 оны 12 дугаар сарын 04-09-ний өдрүүдэд болох энэхүү чуулганаар тус конвенц батлагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх, соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхээр гишүүн улс орнуудаас нэр дэвшүүлсэн 59 өвийн асуудлыг авч хэлэлцэх, бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын асуудал болон соёлын биет бус өвийн сангийн зарцуулалт, Хорооны болон НБДГ-ын өнгөрсөн жилийн тайлан мэдээлэл болон цаашид хийх ажлын талаар хэлэлцэх юм.
Манай улс тус конвенцод 2005 онд нэгдэн орсон бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус конвенцыг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн үндэсний хэмжээний ажил, ололт амжилтаа танилцуулж цаашид хийхээр төлөвлөж буй ажлыг Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү хэлсэн үгэндээ онцлов. Түүнчлэн конвенцын 20 жилийн ойн хүрээнд үндэсний хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил болон Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай бие даасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буйг тэмдэглэв.
Энэхүү чуулганд 123 орны 804 төлөөлөгч оролцож байна.