images

“ЭРДЭНЭСИЙН ХҮРЭЭ” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ТӨВИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЭСЯ-ны мэдээ

2022-10-25

313

БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү Өвөрхангай аймгийн Хархорин суманд нээлтээ хийсэн "Эрдэнэсийн хүрээ” Erdenesiin Khuree монгол уран бичлэг, соёлын төвийн захирал Жоел Раузиг 10 дугаар сарын 20-нд хүлээн авч уулзлаа.

Тус төв үндэсний бичиг соёлыг түгээх, ялангуяа уран бичлэгийн уламжлалыг дэлгэрүүлэн хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхааран ажилладаг байна. Ноён Жоел Раузи 2022 онд ЮНЕСКО- ийн Ерөнхий захирал Одри Азулей, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан  болон БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастьян Сүрүн нарын албаны хүмүүс тус тус зочилж үйл ажиллагаатай нь танилцсанд баяртай буйгаа тэмдэглэв. Мөн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд, жуулчдад зориулсан урт богино хугацааны хэд хэдэн сургалт явуулснаа танилцуулав. Тэрээр мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар саналаа хуваалцав.

Элчин сайд У.Нямхүү Монгол-Францын хооронд орон нутгийн харилцаа, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт болон ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн уран бичлэгийг сурталчлах, түгээхэд бодитой хувь нэмэр оруулж буйд талархлаа илэрхийлэв. Мөн Засгийн газраас 2023 оныг #МОНГОЛД зочлох жил болгон зарласан болон аялал жуулчлалд бэрхшээл учруулж буй асуудлуудыг шийдэх, хялбарчлах талаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэв. Францын аялал жуулчлалын томоохон хөтөч ном болох Petit Futé хэвлэлийн газар Монголын талаарх номоо шинэчлэн хэвлэх гэж байгааг онцлов.