images

МОНГОЛ УЛС СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЭВСЛИЙН ДЭЛХИЙН АНХДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2023-10-18

577

Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү  Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Сургуулийн хоолны эвслийн дэлхийн анхдугаар уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр оролцов. Энэ үеэр чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй Бүгд Найрамдах Франц Улс болон Финланд Улсын Засгийн газарт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

Монгол Улс Сургуулийн хоолны эвсэлд энэ оны 10 дугаар сарын 5-ны өдөр нэгдэх амлалт бичгээ өгч, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үзэг зуран баталгаажуулсан болохыг тэмдэглэж, манай улс энэхүү санаачилгын хүрээнд гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад түлхэц болох энэхүү эвслийн үйл ажиллагааг манай улс дэмжиж, хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа онцлоод, ирээдүй болсон хүүхэд залуусын суралцахуй болон эрүүл мэнд, сайн сайхан аж байдалд нөлөө үзүүлэх боловсрол, хүнс, хоол тэжээл, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь авч үзэх бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа тэмдэглэлээ.  

Элчин сайд У.Нямхүү, Монгол Улс 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба 2020 оноос өргөжүүлэн “Үдийн хоол” хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгааг мэдээлээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-д сурагчдын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээрх зорилтууд тусгагдсан болохыг цохон тэмдэглэв. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны орчин нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хүнсний хангамжийн оновчтой хувилбарыг бий болгох зэрэгт бусад орнуудаас туршлага судлах, хуваалцах хэрэгцээ байгааг оролцогч төлөөлөгчдөд танилцууллаа.

           

Дашрамд дурдахад сурагчдын үдийн хоол хөтөлбөрт зарцуулж буй 1 ам.доллар тутамд 9 ам.долларын зардлыг эрүүл мэндийн салбарт хэмнэж байдгийг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлж, энэхүү бодлогоор сургуульд суралцах хугацааг уртасгах, суралцахыг дэмжих замаар боловсролын хүртээмжийг бэхжүүлж, охид, хөвгүүдийн тэгш байдлыг дэмжихийн сацуу ажлын байрыг бий болгох, орон нутгийн хүнсний үйлдвэрлэгчдэд зах зээлийн эрэлтийн тогтвортой байдлыг хангах, орон нутгийн хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн олон талын өгөөж, ач холбогдолтойг онцлов.