ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ӨВИЙН ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
Франц Улсад 40 дэх жилдээ зохиогдсон Европын өвийн өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ 2023 оны 9 сарын 16-17-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, Монгол орныхоо түүх соёл, өв уламжлал, үндэсний онцлог зүйлсийг олон нийтэд дэлгэн танилцуулав.
Уг өдрүүдээр Монгол, Францын харилцааны түүх, өнөөгийн өрнөл, Монголд зочлох жилийн хүрээнд Франц болон Европын Холбооны улсын иргэд визгүй зорчих болсон туай болон ирэх 10 дугаар сард Монгол, Францын төрийн тэргүүн нарын ивээл дор Нант хотноо нээлтээ хийх Их Эзэн Чингис хааны тухай үзэсгэлэн, Монгол Улсын Соёлын элч - Морин хуурын чуулгын тоглолтын талаар ирсэн зочдод танилцууллаа.
ЭСЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгт Булонь-Биянкур хотын Соёлын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Андрэ дө Бүсси, Соёлын газрын захирал хатагтай Изабэл Дапрмон нар хүрэлцэн ирж зочилж, Элчин сайд У.Нямхүү хоёр орны соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагааны төслүүдийн талаар мэдээлэл, санал солилцов.
Энэ удаагийн арга хэмжээнд ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвүүд, монгол ахуй, соёл урлаг, байгалийн онцлогийг харуулсан фото, уран зураг, дээл хувцас эдлэл, идээ ундааны соёл, уран бичлэг зэрэг олон төрөл сэдвийг хамруулан сурталчлав. Үүний сацуу Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Соёлын элч, ардын язгуур урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан хөгжүүлэн түгээн сурталчилж буй Б.Нарандэлгэр өөрийн шилдэг үзүүлбэрээ франц, монгол үзэгч зочдод тайлбарлан толилуулсан нь зочдын талархлыг ихэд хүртэв.
Мөн Монголын орчин цагийн яруу найраг, уран зохиолын шилдэг бүтээлээс франц хэлтэн уншигчдад толилуулан шинэ бүтээлүүд гарган ажилладаг “Бореалиа” хэвлэлийн газар, орчуулагч Р.Мөнхзул нар оролцож уншигч сонирхогчдод бүтээлээ танилцуулан сурталчлав.
Монгол Улсын Элчин сайдын яамны Монгол орноо сурталчлах энэхүү өдөрлөгт Булонь-Биянкур хотоос гадна Парис, зэргэлдээх хотын нийт 200 гаруй иргэд оролцсон нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн үзүүлэлт боллоо.