images

Соёлын дэд сайд М.Батбаяр Франц улсад ажлын айлчлал хийж байна

ЭСЯ-ны мэдээ

2022-10-24

265

Монголын соёлын өдрүүдийг Франц улсад зохион байгуулж буйтай холбогдуулан Соёлын дэд сайд М.Батбаяр 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Франц Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Соёлын сайдын европ, олон улсын харилцаа, кино урлагийн асуудал хариуцсан зөвлөх Матью Форнетэй уулзаж соёлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн үгэндээ Монгол Улс 2020 онд бие даасан Соёлын яамыг 24 жилийн дараа дахин шинээр байгуулсан бөгөөд энэ хугацаанд соёлын салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулж, боловсронгуй болгох чиглэлээр анхааран ажиллаж буйг тэмдэглэв. Энэ онд Монгол Улс ЮНЕСКО-д гишүүнээр элссэний 60 жил, Монгол-Францын парламент хоорондын найрамдлын бүлгийн хамтын ажиллагааг эхлүүлсний 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монголын соёлын өдрүүдийг Франц Улсад зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулга хийв.

Франц Улс 2019 оноос өсвөр үеийнхэнд буюу 15-18 насныханд хичээлээ гадуурх цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл, урлагийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхэд зориулж  “Pass culture” нэртэй карт олгож, амжилттай хэрэгжүүлж байгааг Соёлын сайдын зөвлөх М.Форне хэлэв. Уг ваучер нь цахим хэлбэрээр хэрэгждэг бөгөөд 15-18 насны хүүхдүүд онлайнаар бүртгүүлж зөвхөн номын сан, кино, музей зэрэг соёл, урлагийн үзмэрийн газрууд болон биеийн тамир, спортын дугуйлан секцид ашиглаж болох мөнгөн тэтгэмжийг олгодог байна.Энэ туршлагаа Испани, Герман зэрэг Европын өндөр хөгжилтэй орнуудад нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд манай улсыг хамтран ажиллахад таатай байх болно гэж зөвлөх М.Форне уулзалтын үеэр илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд дэд сайд М.Батбаяр ирэх онд Францын талын санаачилгаар Нантын Үндэсний түүхийн музейтэй хамтран зохион байгуулах Монголын эзэнт гүрний үеийг харуулсан үзэсгэлэн, соёлын цогц арга хэмжээг хамтран зохион байгуулахад баяртай байгаагаа тэмдэглэв.

Ажлын айлчлалын хүрээнд 14 дүгээр зуунаас түүх нь эхлэлтэй Францын Үндэсний номын сангын төв байраар зочиллоо. Тус номын сангийн Гадаад харилцааны дарга хатагтай Опели Романото болон сэргээн засварлалтын төслийг удирдсан ноён Чен Пэй Ришөлүй нар төлөөлөгчдийг угтан авч, засвар хийсэн танхим, үзмэрүүдийг үзүүлж танилцуулав. Үндэсний номын сан нь Францын шилдэг уран барилгын тоонд багтдаг бөгөөд Парис хотын төвд 58 мянган метр квадрат талбайг эзлэн байрладаг. Уг номын санд уншлагийн танхимаас гадна цэцэрлэгт хүрээлэн, үнэт түүхэн дурсгалт цуглуулаг бүхий музейн үзмэрүүдтэй ажээ. Мөн эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн зохион байгуулдаг шинжлэх ухааны байгууллагад тооцогддог байна. Танилцуулгын үеэр дэд сайд М.Батбаяр хатагтай О.Романод Үндэсний номын санд хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл, гар бичмэлийн хуулбар болон Каталоны атлас номын дижитал хувилбарыг Чингис хаан музейн үзмэрт авахад гүн туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид түүхэн дурсгалт газрыг сэргээн засварлах, номын сангийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. 

https://moc.gov.mn/