images

МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ИЙН НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН УДИРДЛАГА ХӨТӨЛБӨРИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2023-04-20

331

ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага /MOST/ хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн 16 дугаар ээлжит чуулган 2023 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Парис хотноо хуралдав.

Энэ удаагийн зөвлөлийн хурлаар тус хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шинжлэх ухааны зөвлөлийн хорооны тайлан илтгэл, тус хөтөлбөрийн үндэсний хороодын үйл ажиллагааны тайлан болон сүлжээ байгуулах, хөтөлбөрийн засаглалыг сайжруулах зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ.

Энэхүү чуулганд ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, Монгол Улсын Их Сургуулийн захирал Д.Бадарч оролцож, тус хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны ажлын тайланг илтгэж цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав.

Монгол Улс тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн гишүүнээр 2019-2021, 2021-2023 онд сонгогдон ажиллаж буй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгаас манай улсаас гадна Афганистан, Бангладеш, Филиппин, Тайланд, Энэтхэг улс сонгогдон ажиллаж байна.
Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр нь нийгмийн сайн сайхны төлөөх эерэг өөрчлөлт хувьслыг хийхэд мэдлэгийн баазыг бодлогод ашиглахыг хөхиүлэн дэмждэг шинжлэх ухааны хөтөлбөр бөгөөд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, технологийн талбар дахь тэгш бус байдлыг арилгахад илүү хүртээмжтэй арга замаар ажиллахыг хөхиүлэн дэмжих нь хөтөлбөрийн гол зорилго юм.