ШАНТЛҮ-ОН-БРИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Элчин сайд У.Нямхүү 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Парис хотын ойролцоох Шантлү-он-Бри /Chanteloup-еn-Brie/ хотын Засаг дарга ноён Оливье Колайсугийн урилгаар тус хотод зочилж, уулзалт хийв.
Уулзалтад Францын Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний ассамблейд шинээр байгуулагдаад буй Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн ноён Адриан Гоми болон албаны бусад хүмүүс оролцов. Засаг дарга Оливье Колайсу хотынхоо нийгэм, эдийн засгийн байдал, онцлогийн талаар танилцуулж, Монгол Улсын түүх, соёлыг сурталчлах арга хэмжээг 2024 онд хамтран зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлэв.
Элчин сайд У.Нямхүү халуун дотноор хүлээн авч буйд талархлаа илэрхийлээд Монгол Улс, Франц Улсын хооронд хөгжүүлж буй хамтын ажиллагаа болон Монголд зочлох жилийн хүрээнд авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, энэ хүрээнд Францын орон нутгийн хотуудад Монгол орныг танилцуулах соёл, спортын хамтын ажиллагаа хэрэгжүүлэхэд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийлэв.