images

ФРАНЦЫН СЕНАТЫН ГИШҮҮД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ЗОЧИЛЛОО

ЭСЯ-ны мэдээ

2023-03-01

336

Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүгийн урилгаар Францын парламентын дээд танхим болох Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатын гишүүн Филипп Мүеэ тэргүүтэй Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд 2 дугаар сарын 28-ны өдөр зочлов.  

Уулзалтын эхэнд Элчин сайд У.Нямхүү Сенатын гишүүдэд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн нэрийн өмнөөс болон хувиасаа туулай жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрээр хоёр талын айлчлал, худалдаа, эдийн засаг, онцгой байдал, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, урлаг соёлын салбарт өрнөж буй хамтын ажиллагаа, төслүүд, Монгол Улсын дэвшүүлсэн санаачлага, зорилт арга хэмжээний талаар танилцуулга хийсэн бөгөөд энэ үеэрээ Монгол Улс Франц Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжүүлэх зорилт тавьж буйг тэмдэглэв.

Сенатын гишүүд Монгол орны нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа, соёл уламжлалын талаар асууж сонирхохын зэрэгцээ Монгол, Францын харилцааг өргөжүүлэхэд парламентын найрамдлын бүлгийн зүгээс үзүүлэх дэмжлэг, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлцгээв.

Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ халуун дотноор хүлээн авч ажил хэрэгч яриа өрнүүлсэнд Элчин сайд У.Нямхүү болон ЭСЯ-ны хамт олонд талархлаа илэрхийлээд хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхэд найрамдлын бүлгийн гишүүд дэмжин ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.