images

ФРАНЦАД ЦАГААН САРЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ

Actualités

2023-02-24

420

Франц Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар 17 дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэв.

Сар шинийн нэгэнд буюу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Францын Европ, Гадаад харилцааны яам, ЭСЯ-ны байрладаг Булонь-Биянкур хотын засаг даргын Тамгын газар, ЮНЕСКО, Орано групп, Францын ажил олгогчдын холбоо, Бореалиа хэвлэлийн газар, Галерей Лафает их дэлгүүр, Страсбург хот дахь Монгол Улсын өргөмжит консул, монголч эрдэмтэн, судлаачдын төлөөлөл хүрэлцэн ирж уламжлалт сар шинийн баярыг хуваалцав.

Энэ үеэр Монголын цагаан сарын баярыг тэмдэглэх ёслол хүндэтгэл, уламжлалт зан заншлын талаар тайлбарлан монгол гэртээ уламжлалт шагай наадгайг сонирхуулав.

Зоогийн үеэр Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү шинийн нэгний өдөр урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Монгол-Франц болон ЮНЕСКО-той хөгжүүлж буй хамтын ажиллагаа болон сүүлийн үеийн онцлох мэдээ, мэдээллээс танилцуулж харилцан ярилцав. Хүрэлцэн ирсэн зочид Монголчуудын сар шинийн баярын уламжлал, зочломтгой зан, монгол идээ зоог, дээл хувцастай танилцах, Монгол оронтой ажил төрлийн холбоотой хүмүүсийг уулзуулан танилцуулах сайхан завшаан олгосонд Элчин сайд болон хамт олонд талархал илэрхийлж, туулай жилд ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөв.

Мөн өдрийн үдээс хойш нь Парис болон түүний ойролцоо хотуудад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл болон Дорно дахины хэл, соёл иргэншлийн дээд сургууль - ИНАЛКО-ийн багш, оюутнууд хүрэлцэн ирж золгов.

Энэ үеэр дуу хуур, аялгуу эгшгээ өргөж ирсэн зочдын сонорыг мялаасан “Music Quest 92” дэлхийн рок поп наадмын тэргүүн байрын шагналт, “Хар чоно” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Базаррагчаа, түүний гэргий хөгжимчин Н.Наранчимэг, “Уруулын будаг” хамтлагийн дуучин, хөгжимчин С.Ганчимэг, авъяаслаг бяцхан шавьд нь, “Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогчдын нэг зураач, лимбэчин Т.Пүрэвбаатарт, мөн гадаадын зочдод монгол шагай наадгайг зааж тоглуулсан франц хэлний багш Г.Хишиг-Эрдэнэ нарт болон сар шинийн баярыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн ХХААХҮЯ, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгийн газар, хувийн хэвшил, иргэддээ Элчин сайдын яамны нийт хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Түүнчлэн хүрэлцэн ирж оролцсон бүх зочиддоо талархаж байна.

Та бүхэн маань харагчин туулай жилдээ бие эрүүл энх, амар амгалан, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.