images

ФРАНЦ УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-02-13

362

БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Франц Улсын их дээд сургуульд суралцаж буй монгол оюутан залуусыг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтад хоёр орны Засгийн газрын тэтгэлгээр болон хувиараа суралцагч оюутнуудын төлөөлөл биечлэн болон цахимаар оролцсон бөгөөд Элчин сайд У.Нямхүү уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй оюутан залууст сурлагын өндөр амжилт хүсч, эх орондоо эргэн очиж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг хүсэв.

Энэхүү уулзалт нь оюутан залууст ЭСЯ-ны үйл ажиллагаа, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлууд, хилийн чанадад оршин сууж буй монгол иргэдэд чиглэсэн төр, засгийн бодлого, 2023-2024 онд хэрэгжүүлэх томоохон ажлууд, түүнд оюутнуудыг татан оролцуулах боломж зэргийг танилцуулах, оюутнууд өөрсдийгөө болон суралцаж буй мэргэжил, сургуулиа танилцуулах, тулгарч буй хүндрэл зэргийн талаар харилцан ярилцсан үр дүнтэй арга хэмжээ болов.

Уулзалтын үеэр оюутнуудын зүгээс гаргасан тодорхой санал санаачлагуудыг сайшааж ЭСЯ-ны зүгээс дэмжин ажиллахад бэлэн болохыг Элчин сайд У.Нямхүү тэмдэглэв.

 

 БНФУ-ын албан ёсны бүртгэлийн мэдээллээр тус улсад 76 оюутан суралцаж байна.  Монгол, Францын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2016 оноос жил бүр 10 хүртэлх оюутанд хамтарсан тэтгэлэг олгож буй бөгөөд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, цөмийн эрчим хүч, бизнес, байгаль орчны менежмент, мэдээлэл технологи зэрэг нарийн мэргэжлийн магистр, докторын зэргээр суралцаж байгаа юм.