images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ АЗИЙН САР ШИНИЙН БАЯРТ ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2023-01-26

355

Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү Францын эдийн засаг, хүн амын хамгийн том муж болох Иль дө Франс мужийн дарга хатагтай Валери Пэкрэсийн урилгаар Ази гаралтай иргэд, оршин суугчдад зориулсан туулай жилийг угтах баярын ёслолд 1 дүгээр сарын 25-ны өдөр оролцлоо. Сар шинийг тохиолдуулан Иль дө Франс мужийн зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол, БНХАУ, БНСВУ, БНАЛАУ, Камбож Улсын Элчин сайд, дипломат ажилтнууд болон Иль дө Франс бүс нутгийн дэд ерөнхийлөгч Патрик Карам, төрийн бус байгууллагуудын удирдлага, азийн орны иргэд оролцов.


 

Хатагтай Валери Пэкрэс дорно дахины уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Иль дө Франс мужид ажиллаж амьдарч буй ази иргэдийн орон нутгийн хөгжилд оруулж буй үлгэр жишээ хувь нэмрийг үнэлж байдгаа тэмдэглэн цар тахлын хүнд хэцүү байдлыг даван туулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд туулай жилд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв. Тэрээр мөн ирэх жил болох зуны олимпын бэлтгэл, мужийн түвшинд өрнөж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэв.  

 

Парис хот орчимд ажиллаж амьдарч буй монгол иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид уг баярт оролцож, үндэсний урлагийн хэсгээс зочдод сонирхуулав.

Жил бүр зохиогддог энэхүү арга хэмжээ цар тахлын улмаас хоёр жил тасалдаад байсан нь ийнхүү сэргэж байгаа юм байна.