images

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЭСЯ-ны мэдээ

2023-01-26

281

Элчин сайд У.Нямхүү Франц Улсын Страсбург хотод суух Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдоод буй Фабиан Хинкерийг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзаж, Францын Европ, гадаад хэргийн яамнаас олгосон үнэмлэх зөвшөөрлийг нь гардуулан ажлын өндөр амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Элчин Сайд У.Нямхүү Страсбург хотын консулын тойрог болон Франц Улсад оршин сууж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлд авч ажиллах зарим арга хэмжээ, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны талаар мэдээлж санал солилцлоо.

Өргөмжит консул Фабиан Хинкер нь хуульч мэргэжилтэй, “Hincker & Associes” хуулийн компанид өмгөөлөгчөөр ажилладаг бөгөөд тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад өргөжүүлэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажилд бүхий л нөөц боломжоо дайчлан хамтран ажиллахаа илэрхийлэв.  

Франц Улсад суугаа Элчин сайдын яамны хамрах тойрогт БНФУ-ын Страсбург, Испанийн Хаант Улсын Барселон хот, Монакогийн Хант Улс, Бүгд Найрамдах Португал Улсад Монгол Улсын Өргөмжит консул тус тус томилогдон ажиллаж байна.