Итгэмжлэл, нотариатын баталгаажуулалт

2022-10-24


Франц Улсад оршин суугаа иргэн та өөрийн эрх, хийхийг хүссэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. 

2022 оны 10 дугаар сараас Монголын нотариатчдын холбооны цахим систем нэвтэрсэнтэй холбогдуулан иргэд https://e.notary.mn/consul/login холбоосоор бүртгэл үүсгэн, итгэмжлэлээ өөрөө бичин консулын ажилтанд илгээх боломжтой болсон. Гэхдээ иргэдэд цахим гарын үсэг олгогдох хүртэл Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу  итгэмжлэл хийлгэхдээ зайлшгүй өөрийн биеээр хүрэлцэн ирж гарын үсэг зурснаар итгэмжлэл хүчин төгөлдөр болохыг анхаарна уу. 

Бүрдүүлэх материал:

1. Монгол Улсын хүчинтэй хугацаа дуусаагүй гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх

2. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхдийн төрсний гарчилгээний, 16-18 насны хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар

3. Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4. Үйлчилгээний хураамж
 

Итгэмжлэлийг хүлээн авах:
- Таны итгэмжлэл ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
- Итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны Консулын газраас Даваа-Баасан гарагийн 09.00-11.30, 14.00-16.30 цагийн хооронд иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очин гарын үсэг зурж авна.    
- Таны итгэмжлэл Консулын газарт хүргэгдэж, бүртгэлд орсон эсэхийг энэхүү холбоосоор шалгах боломжтой. 

Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх, орчуулга албажуулах, тодорхойлолт гаргах

Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн зэрэг иргэний бүртгэлийн, боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэх зэрэг боловсролын баримт бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримт бичгийн хуулбарыг Элчин сайдын яам гэрчилж, баталгаажуулна. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авч ирэх хэрэгтэй. Хэрэв шуудангаар илгээх бол эх хувийг хамтад нь явуулах шаардлагатай бөгөөд  эх хувийг буцаан авахын тулд буцаах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.

Элчин сайдын яаманд орчуулгын баталгаажуулалт хийлгэх боломжтой. Үүний тулд орчуулсан бичиг баримтын эх хувийг мөн авч ирэх буюу шуудангаар илгээх шаардлагатайг анхаарна уу. 

/Үйлчилгээний хураамж хэсгээс дэлгэрэнгүйг үзнэ үү/