images

ЭЛТЕРИШ КУТЛУК ХААНЫ БИЧЭЭСИЙН ТАЛААРХ ОЛОН УЛСЫН ФОРУМ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2022-12-19

438

Олон улсын түрэг судлалын академиас “Дэлхийн соёл дахь түрэгийн соёл иргэншил – Элтериш Кутлук хааны бичээс” сэдэвт олон улсын форумыг энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЮНЕСКО-ийн Төв байранд зохион байгууллаа.

Тус форумаар Монгол Улсын Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд хийсэн археологийн малтлагын үеэр олдсон соёлын дурсгалууд, тэр дундаа Кутлук хааны бичээсийг онцлон авч хэлэлцэв.

Олон улсын түрэг судлалын академиас Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг 2014 оноос байгуулж Монгол Улсын нутаг дэвсгэрт “Шивээт улаан” (2016-2019), “Хөшөө цайдам” (2018), “Номгон” (2019-2022) хэмээх археологийн хамтарсан  экспедицүүдийг ажиллуулжээ. Эдгээр экспедицийн үр дүнд түрэгийн үеийн чухал дурсгалууд, түүний дотор энэ оны 8 дугаар сард Номгоны хөндийд хийсэн малтлагаар түрэгийн хааны бичээсийн дээд хэсэг олдсон нь Орхоны хөндийд олдсон дурсгалаас даруй 130 жилийн дараах чухал дурсгал болохыг, нэн ялангуяа түүний согд, брахми, хуучин түрэг бичээсийг ихэд онцолж хүн төрөлхтний соёл иргэншлийн гайхамшиг хэмээн түрэгийн ертөнцөд шуугиан тарьсан байна. Уг дурсгал болон бичээсийг Билгэ хаан, Күлтегиний аав, Түрэгийн 2 дахь хаант улсыг үндэслэн байгуулагч Элтэриш Кутлук Хаанд зориулсан гэж эрдэмтэд үзжээ.

Энэхүү олон улсын форумд ЮНЕСКО болон Азербайжан, Казакстан, Киргиз, Монгол, Турк Улсын Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газруудын төлөөлөл, Герман, Унгар, Узбекистан, Польш, Монгол, Швед Улсын эрдэмтэн, судлаачид оролцов.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ Монгол Улсын нутаг дэвсгэрт олдсон энэхүү бичээсийн ач холбогдол, нүүдэлчдийн соёл иргэншлийг дэлхий нийтэд сурталчлах томоохон гэрч олдвор болсныг онцлоод олон орны хамтарсан археологчид, эрдэмтдийн хамтын ажиллагаанд улам өндөр амжилт хүсэв.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл бүгд хуралдаанд үг хэлж ШУА-аас Түрэг судлалын академитай хэрэгжүүлж буй төслүүд, цаашид хийх арга хэмжээний талаар танилцуулсан бол Археологийн хүрээлэнгийн Дундад зууны үеийн археологийн хэлтсийн дарга А.Энхтөр Номгоны хөндийд хийсэн малтлагын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийж оролцов.

Номгоны хөндийд хийсэн археологийн экспедицийн үйл ажиллагааны үеэр олдсон Элтериш Кутлук Хааны дурсгалт цогцолбор, бичээсийн талаарх гэрэл зургийн үзэсгэлэнг ЮНЕСКО-ийн төв байранд гаргаж форумд оролцогчдод толилуулав.