МОНГОЛ, ФРАНЦЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү Францын Эдийн засаг, санхүү, аж үйлдвэр, эрчим хүч, цахим тусгаар тогтнолын яамны Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааны газрын орлогч дарга Фанни Лабарте-тай уулзаж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Элчин сайд У.Нямхүү Монгол, Францын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалууд нь хоёр улсын түншлэлийг шинэ шатанд гаргаж, олон жилийн турш яригдсан томоохон төсөл, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгоход чухал түлхэц үзүүлснийг онцоллоо.
Талууд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ тогтвортой өргөжин тэлж байгаад санал нэгдэв.

Элчин сайд У.Нямхүү Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэв. Тэрбээр, ялангуяа гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулж, олон иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад чухал ач холбогдолтой байсныг онцлон дурдлаа.
Францын тал Дэлхийн банкнаас Монгол Улсыг хоёр жил дараалан дундаас дээш орлоготой орны ангилалд хамруулсантай холбоотойгоор ЭЗХАХБ-ын экспортын зээлийн дүрмийн дагуу 2025 оны 7 дугаар сараас эхлэн хөнгөлөлттэй санхүүжилт авах боломж хязгаарлагдсан байгааг дурдаад гэсэн хэдий ч “Монгол Улсын харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын төсөл”-ийн нөхцөлийг дээрх хугацаанаас өмнө тохиролцсонтой холбогдуулан ЭЗХАХБ-аас тусгай зөвшөөрөл авч, хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэх боломж бүрдүүлсэн бөгөөд уг зохицуулалтын хугацаа энэ онд дуусахыг тайлбарлав.
Мөн Франц Улс цаашид ч Монгол Улстай хамтын төслүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэх эрмэлзэлтэй хэвээр байгаа боловч олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны зохицуулалтын хүрээнд ийм төрлийн санхүүжилтийн боломж эрхзүйн талаасаа хумигдсан болохыг францын тал тэмдэглэв.
Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй хүндрэлийг тайлбарлаж Францын шилдэг технологийг манай улсад шаардлагатай олон салбарт нутагшуулахад гадаадын тусламж, төр, хувийн хэвшлийн уян хатан, ээлтэй санхүүжилтийн эх үүсвэр чухал хэвээр байгааг тэмдэглэж холбогдох дотоодын байгууллагуудтай үргэлжлүүлэн яриа хэлэлцээг бүхий л түвшинд идэвхтэй үргэлжлүүлэхэд хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр мөн Монгол Улсад Францын хөгжлийн агентлаг AFD - Agence Française de Développement-ийн төлөөлөгчийн газрыг байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн яриа хэлэлцээ урагштай үргэлжилж буйг талууд сайшааж, уг хэлэлцээрийг 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал COP17 Mongolia -ын үеэр байгуулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.