"ОРАНО" КОМПАНИД АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ИРГЭД БОЛОН УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Францын "Орано" компанийн төлөөлөгчид, тус компанид ажиллаж буй монгол мэргэжилтнүүд болон "Орано"-гийн шугамаар уул уурхайн чиглэлээр суралцаж буй монгол оюутнуудыг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол–Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, уул уурхай болон байгалийн баялгийн салбар дахь хүний нөөцийн хөгжил, олон улсын мэргэжлийн туршлага хуваалцах асуудал, түүнчлэн залуу мэргэжилтнүүдийг дэмжих чиглэлд санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.

Элчин сайд У.Нямхүү гадаадад ажиллаж, суралцаж буй монгол иргэд, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, олон улсын туршлагыг эх орны хөгжилд чиглүүлэн ашиглахын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, дэмжин хөгжүүлэх чиглэлээр тус компани идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Франц Улсад ажиллаж, суралцаж буй монгол залуус эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, олон улсын түвшний мэдлэг, туршлагаа Монгол Улсад нэвтрүүлэхэд идэвхтэй оролцох сонирхолтой болохоо онцоллоо.