ИЛГЭЭЛТ 21ОО ХӨТӨЛБӨРИЙН 2025/2026 ОНЫ СУРАЛЦАГЧ ОЮУТНУУДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга "Илгээлт 2100" хөтөлбөрийн хүрээнд Le Mans хотноо 2025 оны 9 дүгээр сараас суралцаж буй монгол оюутнуудтай энэ сарын 07-ны өдөр уулзлаа.
Монгол орны өнцөг бүрээс сонгогдсон оюутнууд маань өөрсдийн хичээл сурлага, дасан зохицож буй байдал, ирэх хичээлийн жилд суралцах мэргэжил, сургуулиудынхаа талаар танилцуулсны зэрэгцээ тэтгэлгийн санхүүжилтийн хүрээнд өнгөрсөн хугацаанд тулгамдсан зарим асуудлын талаар чөлөөтэй санал бодлоо солилцлоо.
Хүлээн авагч сургуулийн удирдлага, багш нарын зүгээс монгол оюутнуудын франц хэлний түвшин илүү сайн байгааг, тэдний хичээл номдоо шамдан суралцаж байгааг үнэлж сайшааж байв.
Элчин сайд У.Нямхүү Монгол, Францын хамтын ажиллагааны төлөв, төслүүдийн талаар мэдээлж, хоёр орны болон Илгээлтийн эзэд хөтөлбөрийн тэтгэлгээр суралцагчдад тавигдаж буй шаардлага, хүлээлтийг онцлон тэмдэглээд сурлагын өндөр амжилт хүслээ.
Эдгээр оюутнууд автозам, барилгын инженер, сэргээгдэх эрчим хүч, биологийн инженерчлэл, информатик, иргэний нисэхийн инженерийн чиглэлд суралцахаар бэлтгэж байна.