images

БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү XI сарын 21-ний өдөр Францын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Анн-Мари Дэкоттой уулзлаа

ЭСЯ-ны мэдээ

2024-11-27

79

Элчин сайд У.Нямхүү 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Францын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Анн-Мари Дэкоттой уулзлаа. 

Уулзалтын эхэнд Элчин сайд У.Нямхүү Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хуралд оролцсонд нь Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлж, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэчлэн байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын зорилт, Монгол, Францын хамтын ажиллагааны Ажлын хэсэг болон хоёр орны харилцааны явц, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх, 2023-2028 онд хэрэгжүүлэх замын зураглалын хэрэгжилтийг үр дүнтэй хангах зэрэг асуудлаар санал солилцлоо. 

Ерөнхий нарийн бичгийн дарга Анн-Мари Дэкот Монгол, Францын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буйд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэж хоёр талын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгоход холбогдох талуудын хүчин чармайлтыг эрчимжүүлэхэд анхааран дэмжихээ илэрхийлэв.