images

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЗӨВЛӨЛИЙН 34 ДҮГЭЭР ЧУУЛГАН ХУРАЛДАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-11-23

57

2024 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Парис хотноо ЮНЕСКО-ийн Харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн 34 дүгээр ээлжит чуулган хуралдаж байна. Энэхүү хуралд Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү, зөвлөх С.Уянга, “Глоб интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга, тус хөтөлбөрийн үндэсний хорооны дарга Х.Наранжаргал нар оролцлоо.

Чуулганаар сэтгүүлчдийн аюулгүй байдал болон сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх аюулын асуудлаарх Ерөнхий захирлын тайлан илтгэл, хэвлэл мэдээлэл болон хүрээлэн буй орчны асуудал, мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хэвлэл мэдээллийн салбарт дэмжлэг үзүүлэх зарчмууд, сэтгүүл зүйн боловсрол зэрэг олон асуудлуудыг хөндөн авч хэлэлцэв.

 

Дэлхий дахинд амь насаа алдсан сэтгүүлчдийн тоо нэн ялангуяа зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт, тухайлбал Газын зурвас, Ливан, Украинд амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо өсөн нэмэгдэж үүний дотор эмэгтэй сэтгүүлчдийн тоо олон байгааг тайлан илтгэлд тэмдэглэсэн байна.

 

Харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нараас гаргасан тайланд тус хөтөлбөрийн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт явуулж буй олон ажил, санаачлагыг дурдан, тухайлбал 20 гаруй гарын авлагыг 35 орчим хэл дээр гаргаж 20 орчим сургалт, вэбинарыг зохион байгуулсан хэмээн дурджээ. Манай улс Internet Universality ROAM-X Indicators (IUIs)-д суурилсан үндэсний үнэлгээг хийсэн орнуудын тоонд багтсан бөгөөд 2023 онд “Taking proactive actions on combating Disinformation” болон “Strengthening the capacity of Mongolian journalists for promoting MIL” төслийг хэрэгжүүлэхэд сангийн дэмжлэгийг аваад буй билээ.