images

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ У.НЯМХҮҮ 1970 ОНЫ КОНВЕНЦЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-11-06

85

Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү ЮНЕСКО-ийн Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай 1970 оны конвенцын Нарийн бичгийн дарга хатагтай Криста Пиккаттай 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын хүрээнд Элчин сайд У.Нямхүү Монгол Улс соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр ахицтай ажиллаж буйг тэмдэглэхийн сацуу соёлын өвийг хамгаалах эрх зүйн шинэтгэлийн ажлыг эрчимжүүлж байгааг онцлов. Тэрээр 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Их Хурал “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлийн тухай” 1995 оны ЮНИДРАУ-ийн конвенцыг соёрхон баталсан тухай мэдээлэхэд баяртайгаар хүлээн авч энэхүү конвенцод нэгдсэн нь манай улсын хувьд 1970 оны конвенцыг хэрэгжүүлэхэд давуу тал болохыг хатагтай Криста Пиккта онцоллоо.

Манай улсын хувьд 1970 оны конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран чадавх бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаад соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хосолсон сургалтыг зохион байгуулах, туршлага судлуулах ажлыг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ЮНЕСКО-ийн хувьд 1970 оны конвенцын хэрэгжилтийн хүрээнд гишүүн орнууддаа үндэсний хууль тогтоомжид конвенцын заалтуудыг хэрхэн тусгах чиглэлээр загвар заалтуудыг шинэчлэн боловсруулах ажилд санал авч байгааг онцлон манай улсыг саналаа өгөхийг уриалав.