images

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙН КОНВЕНЦОД НЭГДСЭН ТУХАЙ БАРИМТ БИЧГИЙГ ЮНЕСКО-Д ГАРДУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-11-06

71

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд У.Нямхүү 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ЮНЕСКО-ийн Боловсролын асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч хатагтай Стефани Жианнинитэй уулзан Монгол Улс Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Дэлхийн конвенцод нэгдсэн баримт бичгийг гардуулав.

Уулзалтын үеэр хатагтай Стефани Жианнина Монгол Улстай боловсролын чиглэлээр өргөн хүрээнд нягт хамтран ажиллаж буйг дурдахын сацуу манай улсыг боловсролын чиглэлээр идэвхтэй ажиллаж буйг онцлов. Тэрээр конвенцод нэгдэх асуудлаар ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой мэдээлэл солилцож хамтран ажилласныг дурдав.

Элчин сайд, байнгын төлөөлөгч У.Нямхүү манай улс дээд боловсролын асуудалд онцгой анхаарч энэхүү дэлхийн конвенцод нэгдсэнийг онцлохын сацуу манай улсын оюутан залуус олон улс орнуудад бакалавр, магистир, докторын хөтөлбөрт суралцаж буй бөгөөд Засгийн газраас тэтгэлэг олгон суралцуулж буй, түүний дотор Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийг хэрэгжүүлэн оюутнууд бакалаврын түвшинд өндөр хөгжилтэй улс орнуудад тэтгэлгээр суралцаж байгааг мэдээлэв.

Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай энэхүү конвенцод одоогоор 34 улс нэгдээд буй бөгөөд 20 орчим улс нэгдэх шатандаа, энэ оны төгсгөл гэхэд 50 орчим улс нэгдэх төлөвтэй байгааг мэдээлж байна.