ШИНЖЛЭХ УХААН, АЖ ҮЙЛДВЭРИЙН ХОТХОНТОЙ ТАНИЛЦАВ
Элчин сайд У.Нямхүү 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Парис хотод байрлах Cité des sciences et de l'industrie - Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хотхоны Ерөнхийлөгч ноён Брюно Макиартай уулзаж Монгол Улсын Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн үйл ажиллагаа, шинээр барьж байгуулахаар ажиллаж буй бүтээн байгуулалтын төслийн хүрээнд туршлага судалж, хамтран ажиллах нөхцөл, боломжийн талаар түүнчлэн хоёр орны соёл, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах нөөц боломжуудын талаар харилцан санал мэдээлэл солилцлоо.
Ерөнхийлөгч Жискар д'Эстэйнийн санаачилгаар байгуулагдсан Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хотхон нь олон нийтэд шинжлэх ухаан, технологийн мэдлэг түгээх, ялангуяа хүүхэд залуучуудад шинжлэх ухаан, судалгаа, аж үйлдвэрт дур сонирхол төрүүлэх зорилготой, Европын хамгийн том шинжлэх ухааны соёлын төвүүдийн нэг юм.
Жилд таван сая орчим хүн хотхон музейг үзэж сонирхдог. Тусгайлан бага насны хүүхэд, өсвөр насныханд зориулсан хэсгүүдээс гадна гариг эрхэсийн ордон, Argonaute шумбагч хөлөг, La Géode IMAX театр зэрэг сонирхолтой үзмэрүүд, мөн сэдэвчилсэн үзэсгэлэн тогтмол дэлгэгдэж байдаг байна.