images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ ЕВРОП, ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ЗӨВЛӨХ ХАТАГТАЙ АДЭЛЬ ЖАНРУА-БРОЗТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-10-25

136

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БНФУ-ын Европ, гадаад хэргийн сайдын Ази, далайн орнуудын асуудал хариуцсан дипломат зөвлөх хатагтай Адэль Жанруа-Брозтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны ойрын зорилт, арга хэмжээ болон олон улсын нөхцөл байдлын талаар санал мэдээлэл солилцов.

Уулзалтаар өнгөрсөн онд БНФУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн төрийн айлчлал болон энэ оны 7 дугаар сард Парис хотноо хийсэн уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ярилцаж, тохиролцсон хамтын ажиллагааны чухал төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүх түвшинд үргэлжлүүлэн анхаарч хамтран ажиллахаа талууд нотоллоо.

Элчин сайд У.Нямхүү ирэх онд Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн цар хүрээтэй хамтран тэмдэглэж, Стратегийн түншлэлд хүргэх хамтын зорилтоо амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр францын тал “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал, “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум” зэрэг манай улсын санал, санаачилгыг дэмжин оролцсонд талархлаа илэрхийлэхийн сацуу 2026 онд Монгол Улсын зохион байгуулах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүсэв.