images

ЮНЕСКО-гийн төв байранд "Тусгай хэрэгцээт иргэдийн оролцоо: Пара спортын үр нөлөө, ашиг тусыг хүртэх нь" сэдэвт бага хурал боллоо

ЭСЯ-ны мэдээ

2024-08-29

126

"Парис 2024” зуны Паралимпын наадмыг тохиолдуулан ЮНЕСКО болон Олон улсын паралимпын хорооноос хамтран БНФУ-ын Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд "Тусгай хэрэгцээт иргэдийн оролцоо: Пара спортын үр нөлөө, ашиг тусыг хүртэх нь" сэдэвт бага хурал боллоо.

Бага хуралд 30 гаруй улсын холбогдох яамдын сайд нар, паралимпын тамирчид, спортын салбарын төлөөлөл оролцож, тусгай хэрэгцээт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр хэлэлцлээ.

Монгол Улсын тухайд Засгийн газраас пара спортоор хичээллэх тамирчдад тусгай бэлтгэл хийх, спортын олон улсын тэмцээн, уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлж буй нь ЮНЕСКО-гийн “Fit for Life”хөтөлбөртэй уялдаж байгааг онцлон цаашид энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломж байгааг бага хурлын үеэр илэрхийллээ.

Хурлын төгсгөлд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей болон Паралимпын олон улсын хорооны ерөнхийлөгч Андрью Парсон нар мэндчилгээ дэвшүүлж, Паралимпын наадамд оролцож буй тамирчдад амжилт хүслээ.