images

Парист сүндэрлэх “Mongolia House”-ийн тухай

ЭСЯ-ны мэдээ

2024-07-17

329

https://unread.today/c/insight-mongolia-house-3-facts

Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимп хэдхэн хоногийн дараа буюу долдугаар сарын 26-ны өдрөөс албан ёсоор эхлэх гэж байна. Энэ удаагийн олимпод скейтбординг, серфинг, спорт авиралт, брейк бүжиг зэрэг шинэ спортын төрөл нэмэгдэж буй гэдгээрээ онцлог. Харин Монгол Улсаас Парис 2024 зуны олимпын есөн төрөл, паралимпын зургаан төрөлд тус тус 33 тамирчин оролцох эрхээ аваад байгаа юм.



Олимп гэдэг зөвхөн спортын наадам бус дэлхийн улсуудыг нэгэн дээвэр дор нэгтгэх, эв нэгдлийг бэхжүүлэх ид шидтэй билээ. Тиймдээ ч үндсэн тэмцээнээс гадна соёлын наадам, хөгжөөн дэмжигчдийн бүс, олон нийтийн оролцооны хөтөлбөрүүд тэргүүтэй үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Тухайлбал, House төслүүд хэрэгжих ба 15 орчим улс, байгууллага өөрсдийн хотхоноор дамжуулан соёл уламжлал, ёс заншил, үүх түүхээ олон улсын иргэдэд таниулах юм. Мэдээж тэдний нэг нь Монгол Улс байх болно.

 Парисын энгэрт сүндэрлэх “Mongolia House”-ийн тухай таны заавал мэдэх ёстой гурван зүйлийг танилцуулж байна.

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны санаачилгаар хэрэгжүүлж буй уг төсөл нь 2023 оноос эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Элчин сайдын яам тэргүүтэй төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй. 

Mongolia House нь Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах 55.5 га талбай бүхий Ла Виллет /Parc de la Villette/ цэцэрлэгт хүрээлэнд долдугаар 27-ноос наймдугаар сарын 10-ны өдрүүдэд ажиллах ба олон улсаас хуран цугласан спорт сонирхогч, жуулчдаас гадна Франц, түүний эргэн тойрон дахь Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчууддаа уг хотхоны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

ЯАГААД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Энэхүү төслийг МҮОХ-ноос Монголын олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, олимпын их наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүсэх, улмаар үндэсний спорт болон нүүдлийн ахуй соёл, урлагийн тоглолт, идээ ундааны дээжээр Монголыг сурталчлан таниулах, Go Mongolia брэндийн үзэл санааг олон улсад танилцуулах томоохон зорилгын хүрээнд зохион байгуулж буй. Үүний зэрэгцээ спортын томоохон арга хэмжээнүүдийг эх орондоо зохион байгуулах эрх авахад дэмжлэг авах зорилготой аж.

Илүү тодруулбал, Mongolia House төслийг энэ удаа амжилттай зохион байгуулснаар “Харбин-2025” Азийн Өвлийн Наадам, “Милан Кортина-2026” Өвлийн Олимп болон “Лос Анжелес-2028” зуны олимпоор үргэлжлүүлэх, цаашлаад “Дэлхийн Экспо” шиг Монгол Улсаа сурталчлахад чухал гүүр болно хэмээн итгэж байгаа юм.

16 ХОНОГИЙН ТУРШ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

Mongolia House төслийн хүрээнд 16 өдрийн турш үдийн 11 цагаас шөнийн 22 цаг хүртэл өдөр бүр үндсэн гурван гэр болон задгай талбайд түүх уламжлалаа таниулах үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулна.

“Go Mongolia” гэр - Монгол орны үзэсгэлэнт байгаль, үүх түүх, соёл уламжлал, ёс заншлыг таниулах зорилготой уг гэрт үндэсний идээ зоог амтлах, монгол тоглоом наадгайтай танилцах, уламжлалт спортыг өөрийн биеэр туршиж үзэх боломжтой.

“Team Mongolia” гэр - Олимпын баг, тамирчдын түүх, амжилтыг сурталчлах, спорт, урлаг, төрийн төлөөлөгчдийг хүлээн авна.

“Stage Mongolia” гэр - Монгол гэрийг хагаслан барьсан энэхүү тайзнаа өдөр бүр тогтсон цагт үндэсний урлагийн үзүүлбэр, тоглолт зохион байгуулагдана.