images

Францын Нантеррийн их сургуулийн ректор айлчиллаа

ЭСЯ-ны мэдээ

2024-06-20

332

https://news.num.edu.mn/?p=103911

МУИС-тай өнгөрөгч 11 дүгээр сард хамтын ажиллагааны санамж бичиг болон оюутан солилцооны гэрээ байгуулсан Францын Парис Нантеррийн их сургуулийн ректор проф. Филипп Жерва Ламбони (Philippe Gervais-Lambony), Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал хатагтай Др. Соня Леман Фриш (Dr. Sonia Lehman-Frisch) болон тус сургуулийн Түүхийн тэнхимийн дэд профессор хатагтай Мари Фавро (Dr. Marie Favereau) нар зургаадугаар сарын 07-12-ны өдрүүдэд МУИС-д айлчиллаа.

Зочдыг МУИС-ийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзаж хамтын ажиллагааг цаашид ямар чиглэлээр өрнүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад МУИС-ийн талаас Сургалт эрхэлсэн проректор Б.Батжаргал, Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга Др.С.Булгантамир, Газарзүйн тэнхимийн эрхлэгч Г.Бямбахүү, Европ судлалын тэнхимийн эрхлэгч Др.Н.Мөнх, тус тэнхимийн профессор Б.Алтангүл, Түүхийн тэнхимийн эрхлэгч Др.Б.Чинзориг болон Антропологи, археологийн тэнхимийн багш, дэд профессор Ц.Төрбат нар оролцлоо. МУИС-ийн зүгээс Нантеррийн их сургуультай түүх, археологи, хүрээлэн буй орчны салбарын профессор хоорондын хамтын ажиллагааг дэмжих боломжит чиглэлүүдээр докторын хамтарсан хамгаалалт явуулах, AUF (Франц хэлтэн их дээд сургуулиудын холбоо) байгууллагын үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн Европ судлалын тэнхимтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх,  МУИС-ийн Ахисан түвшний сургууль болон Cудалгаа ахисан түвшний сургалт хариуцсан тэнхим буюу DRED (The Department of research and Doctoral studies) хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлүүдээр хамтарч ажиллах талаар саналаа илэрхийллээ.

Проф. Филипп Жерва Ламбони МУИС-ийн удирдлагуудад хүлээн авч уулзаж буйд нь талархлаа илэрхийлээд Парис Нантеррийн их сургуулийн талаар товч мэдээлэл өглөө. 1960 онд байгуулагдсан тус сургууль нь нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр зонхилон сургалт, сургалт явуулдаг бөгөөд Европын их дээд сургуулиудын ассоциацид нэгдэн орсон ажээ. Хатагтай Др.Соня Леман Фриш үргэлжлүүлэн хоёр сургуулийн хамтын ажиллагаа нь профессор хоорондын хамтын ажиллагаа нь хоёр сургууль хоорондын түвшинд хүрч өргөжнө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Хоёр сургууль хооронд одоогийн байдлаар түүхийн чиглэлээр Европын холбооны санхүүжилттэй Эрасмус төсөлд өргөдлөө мэдүүлсэн талаар Нантеррийн их сургуулийн төлөөлөгчид мэдээлээд хот төлөвлөлт болон хүрээлэн буй орчин, газарзүйн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой талаар уулзалтын талаар санал нэгдлээ.

Профессор Б.Алтангүл МУИС-ийн 20-25 оюутнууд франц хэлийг сонгон суралцаж байгаа талаар мэдээлэл өгөөд франц хэлийг зөвхөн хэл, орон судлалаар суралцаж буй оюутнууд төдийгүй хими, физикийн салбарын оюутнууд франц хэл дээр хоёр сургуулийн хооронд хамтарсан докторын зэрэг хамгаалсан талаар онцлов. Мөн тэрээр МУИС-ийн франкофон төвийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч тус төвд суралцагчид зөвхөн хэлний мэдлэгээс гадна ажлын байранд хэрэгцээтэй харилцааны чадварт суралцдаг талаар дурдав.

Сургалт эрхэлсэн проректор Б.Батжаргал хоёр сургуулийн хамтарсан докторын хамгаалалтыг хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Мари Фавро дурдахдаа монгол оюутнуудыг аль болох эрт Францад очиж суралцвал франц хэлийг сайн эзэмших, ажил мэргэжлээ сонгоход чухал ач холбогдолтой гээд хос диплом эзэмших нь ажлын талбар дээр гараад өсч дэвжих өргөн боломжийг бүтээх сайн талтайг онцлов.

МУИС болон Парис Нантеррийн их сургууль хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Багш, судлаач, мэргэжилтэн солилцоо явуулах, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүүлэх, дипломын ажил хамтран удирдах болон эрдмийн бүтээл туурвих талаарх заалтууд багтжээ. Харин солилцооны гэрээнд түүх, археологийн чиглэлээр докторын дараах судалгааны ажлыг дэмжих талаар заажээ.