images

ОЛОН УЛСЫН ЦАЙНЫ ӨДРИЙГ ЮНЕСКО-Д ТЭМДЭГЛЭВ

ЭСЯ-ны мэдээ

2024-06-18

314

Олон улсын цайны өдрийг Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд гурав дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн 74 дүгээр тогтоолоор “Олон улсын цайны өдөр”-ийг дэлхий дахинаа тэмдэглэж байхаар тогтсон юм.

Олон улсын цайны өдрийг ЮНЕСКО-гийн Коммунити нийгэмлэгээс санаачлан Франц-Хятадын соёл, урлагийн солилцооны төвийн дэмжлэгээр ЮНЕСКО-гийн төв байранд цайг сонирхогч хэрэглэгч гишүүн орнуудын оролцоотойгоор тэмдэглэдэг уламжлал тогтоод байна.

Энэ удаагийн цайны өдрийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэсэн бөгөөд цайны өдөрт нийт 16 гишүүн улс хамтран оролцож өөрсдийн улс орны онцлог цайны соёлоо танилцуулав. Үүний дотор Вьетнам, Казакстан, Франц, Япон улс анх удаа оролцов.

ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газрын хувьд олон улсын цайны өдөрт 3 дахь жилдээ оролцож Монголчуудын цайны соёл, онцлог, нүүдэлчин ард түмний цайны ач холбогдлыг сурталчлан сүүтэй цайны амталгаа хийж хүрэлцэн ирсэн зочдод сонирхуулав. ​​

Монголчуудын цайны онцлог болон цай бэлтгэн чанах, буцалгах, давс хийх, сүү цагаан идээг өргөнөөр ашиглаж буйг зочид ихэд сонирхон амтлав.