images

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ КОНВЕНЦЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 10 ДУГААР ЧУУЛГАН ХУРАЛДАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-06-17

220

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцод Оролцогч талуудын Ерөнхий ассамблейн 10 дугаар чуулган Парис хотноо 2024 оны 6 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай хуралдаж өндөрлөв.

Энэхүү чуулганаар Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 2022-2023 оны үйл ажиллагааны тайлан, конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын 2022-2023 оны үйл ажиллагааны тайлан, соёлын биет бус өвийг хамгаалах сангийн зарцуулалт, конвенцыг дэмжигч хамтран ажилладаг байгууллагуудыг жагсаалтыг баталгаажуулах, конвенц батлагдсаы 20 жилийн ойг дэлхий дахинд тэмдэглэсэн тухай, конвенцын үйл ажиллагааны удирдамжид оруулсан өөрчлөлт зэргийг авч хэлэлцэв. Түүнчлэн конвенцын Засгийн газар хоорондын хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж Франц, Испани, Украин, Барбадос, Доминикан, Гайти, Хятад, Уганда, Нигери, Замби, Алжир, Арабын Эмират зэрэг 12 улс шинээр сонгогдож 2024-2028 онд хорооны гишүүнээр ажиллахаар болов.

 

Манай улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд У.Нямхүү тэргүүтэй төлөөлөгчид уг чуулганд оролцож, хурлын үйл ажиллагааны үеэр манай улсын соёлын биет өвийг хадгалан хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, конвенц батлагдсаны 20 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, түүний дотор Нүүдэлчин дэлхийн соёлын наадам, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан тухай танилцуулж манай улс конвенцын хүрээнд гишүүн орнууд болон нарийн бичгийн дарга нарын газартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт семинар хийхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай конвенцод Сан Марино, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Ливи улс нэгдсэнээр нийт 183 гишүүн улс нэгдээд байна.

Манай улсаас энэхүү конвенцын төлөөллийн болон яаралтай хамгаалах жагсаалтад нийт 15 өвийг бүртгүүлээд байгаа билээ.