images

МОНГОЛ, ФРАНЦЫН МУЗЕЙД ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА 2024 ОНД ИДЭВХТЭЙ ҮРГЭЛЖИЛНЭ

ЭСЯ-ны мэдээ

2024-01-20

542

Францын Нант хотын Бретанийн гүнгийн шилтгээн - Нантын түүхийн музейд “Чингис хаан : Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн өнгөрсөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд уг үзэсгэлэн 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх билээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч нарын өнгөрсөн онд хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр талууд харилцан тохиролцсоны дагуу энэхүү үзэсгэлэнг Монгол Улсад Чингис хааны музейд энэ зун дэлгэн гаргахаар холбогдох талууд яриа хэлэлцээгээ эхлээд байна.

Энэ хүрээнд Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун Парис хотноо 1 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Францын Үндэсний архив, Лувр, Севрийн музейн холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж эдгээр байгууллагын Монголын эзэнт гүрэнтэй холбоотой дурсгал, үзмэрүүдийг Монгол Улсад толилуулах асуудлаар харилцан ярилцав. Тухайлбал, Францын Үндэсний архивт хадгалагдаж буй Монгол хаадын захидал болон бусад музей, цуглуулагчдын 13-14 дүгээр зууны Ил хаант улсын үеийн дурсгал, Юань, Хятан улсын түүхэнд холбогдох маш чухал дурсгалуудыг багтаахаар төлөвлөж байна.  

Мөн Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингис хаан музейн захирал С.Чулуун, Нантын Түүхийн музейн захирал Бертран Гиеэ нарыг хүлээн авч уулзаж одоо Нант хотын музейд гарч буй үзэсгэлэнгийн явц, соёл урлагийн хөтөлбөрүүд, мөн энэ зун Монгол Улсад уг үзэсгэлэнг гаргах бэлтгэл ажлын талаар харилцан мэдээлэл, санал солилцлоо.

Манай улсад дэлгэгдэх энэхүү үзэсгэлэн нь дэлхийн томоохон музейдын сан хөмрөгөөс хүлээн авч гаргах чухал ач холбогдолтой үзэсгэлэн болох юм.