МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ МОРИН ХУУРЫН ЧУУЛГА ВЕРСАЛИЙН ОРДНЫ ХААНЫ ДУУРИЙН ТЕАТРТ АНХ УДАА ТОГЛОВ
https://mfa.gov.mn/76033
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон“ тоглолтоо 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Версалийн ордны Хааны дуурийн театрт толилуулав.
Тус тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, БНФУ-ын Европ, Гадаад хэргийн сайд Катерин Колонна, тус улсын төр, засгийн байгууллага, бизнесийн төлөөлөл, гадаад улсаас БНФУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тус улсад суугаа монгол иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 600 орчим хүн үзэж сонирхов.
Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа өөрийн урын сангаасаа үндэсний, ардын болон сонгодог төрлийн 15 бүтээл, тэр дундаа Уяхан замбуу тивийн наран, Сэтгэлийн эгшиг, Монгол аялгуу зэргийг толилуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн бөгөөд тус театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болсноороо онцлог юм.
Версалийн ордныг 1995 онд Францын Үндэсний музейн бүтцэд нэгтгэн, 2001 онд Европын хааны орднуудын сүлжээнд оруулсан бөгөөд тус ордныг жилдээ 8 сая гаруй жуулчин, зочид үзэн сонирхдог байна.
Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн хугацаанд 30 гаруй оронд 650 гаруй тоглолт хийсэн бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны яам хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг дэлхийн нэр хүндтэй тайзнаа толилуулах нөхцөл боломжийг бүрдүүлж ирлээ. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр, БНФУ-ын Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байр, ОХУ-ын Большой театр, БНХАУ-ын Үндэсний их театр (Сувдан театр), Япон Улсын NHK телевизийн концертын их танхим болон Сиднейн Дуурийн театрт амжилттай тогложээ. Тус чуулга 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр БНФУ-ын Нант хотын консерваторын тайзнаа тоглоно.