images

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО СУРТАЛЧЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-09-20

463

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны урилгаар МУСТА, Соёлын элч Б.Нарандэлгэр 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Парис хотод амьдарч буй Монголчууд болон Франц иргэдэд сургалт-уулзалт хийн, уран бүтээлээ толилуулав. Энэ үеэр Монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуур, нуман хуур зэрэг язгуур урлагийн хөгжмийн зэмсгийг орчин үеийн аман урлаг битбокс (beatbox)-той хосолсон урлагийн тоглолтыг танилцуулахын сацуу бие биелгээний талаар давхар сурталчлав.

Парис дахь Элчин сайдын яамны зохион байгуулсан энэхүү арга хэмжээ хилийн чанадад суугаа хүүхэд залуучуудад үндэсний өв соёлыг таниулан сурталчлах, өвлүүлэн уламжлуулах, хос соёл хөгжүүлэх зорилготой Үндэсний өв соёлын үнэ цэнэ үйл ажиллагааны дагуу амжилттай болж, сургалт-тоглолтод оролцсон иргэд үндэснийхээ чухаг өвтэй биечлэн танилцаж мэдээлэлтэй болсондоо талархлаа илэрхийлэв.

Монгол Улс Их Британи, Сингапур, Индонез, ОХУ, Казахстан, Киргиз, Герман, Япон, АНУ, БНСУ, Турк, Австри, Австрали, Испани, Энэтхэг зэрэг дэлхийн 18 улсад нийт 52 соёлыг элч томилсон бөгөөд 32 нь Монгол Улсын иргэн, 20 нь гадаадын иргэн ажиллаж байна.