images

Монгол Улсад Франц хэлний мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

ЭСЯ-ны мэдээ

2023-09-18

444

Эх сурвалж: https://news.num.edu.mn/

Монгол Улсад Франц хэлтэн мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ойн хүрээнд “Франц хэл-60 жил” олон улсын хурлыг 2023 оны есдүгээр сарын 15-нд МУИС-ийн номын өргөөнд зохион байгууллаа. Уг хуралд зургаан орны төлөөлөгчид танхим болон цахимаар оролцож франц орон судлал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, франц хэл заах аргазүй, орчуулга, соёл судлалын асуудлаар илтгэл хэлэлцүүллээ.

Хурлыг нээж, МУИС-ийн захирал Д.Бадарч хэлсэн үгэндээ, манай хоёр улс дипломат харилцаа тогтоохоос өмнө МУИС-д франц хэлийг зааж эхэлсэн ба залуучууд франц хэл, францын түүх соёлыг урд урдаас илүүтэй сонирхох болсныг онцлоод энэ хичээлийн жилд 24 оюутан франц хэл, орон хөтөлбөрт элссэн гэлээ. Мөн тэрбээр, Монгол Улсын олон тулгуурт, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаага залан авч явах үндэсний мэргэжилтэнг бэлтгэхэд түүчээлж ирсэн МУИС-ийн франц судлалын үе үеийн хамт олон, ахмад багш нарт талархал илэрхийллээ.

Хуралд, УИХ-ын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, Францын Улсын их хурлын Байнгын хорооны Соёл, боловсрол, харилцаа холбоо хариуцсан дэд ерөнхийлөгч, Франц-Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ноён Филипп Мюллер,  Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн,  Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У. Нямхүү, Дэлхийн франц хэлний багш нарын холбооны Ази-Номхон далайн бүсийн захирал Жулиа Ян, Парисын Дорно дахины соёл, иргэншлийн дээд сургуулийн Евразийн тэнхимийн Монгол судлалын салбарын эрхлэгч Шарлотт Маршина  нар мэндчилгээ дэвшүүллээ.

Франц дахь Монгол судлал, франц хэлний заах арга зүйн онол, практикийн асуудлаар Сорбоны Их сургуулийн профессор, монгол судлаач Гаел Лаказ, Шинэ Сорбонны их сургуулийн профессор Мари Пиёо Луазо нар илтгэл хэлэлцүүлэн оролцлоо.

1963-1964 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэлбичгийн факультетийн Гадаад хэлний тэнхимд Франц хэлний багш-орчуулагчийн таван жилийн сургалттай анги нээж франц хэлийг анхлан зааж эхэлснээс хойш өдгөө нэгэн жарныг ардаа үджээ.  

Өнөөдрийн байдлаар 560 гаруй франц хэлний багш, орчуулагч, орон судлаач мэргэжлээр суралцаж төгссөн байна. Мөн оройн 2, 3 жилийн сургалтаар 350 гаруй хүнд франц хэл заажээ. Тус мэргэжлээр МУИС-д бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг эрхлэн явуулж байгаа бөгөөд 2023 оны байдлаар дөрвөн монгол багш, нэг зочин багш сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Францын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр МУИС-д францын зочин багш нар ажиллаж ирсэн болно. 

1990-2018 оны хооронд 10 гаруй хувийн хэвшлийн Их, дээд сургуульд франц хэлийг зааж Монгол Улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулжээ. 

БНФУ-ын ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны тавдугаар сарын 21-22-нд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэр Монгол, Франц хоёр улсын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Тухайлбал,    

Бид өнөө жил Монгол Улсад франц хэл зааж эхэлсний 60 жилийн ойг тэмдэглэж байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд, хоёр улсын хооронд зорчих тээврийг хялбаршуулан, илүү олон оюутанд сургалт судалгаагаа үргэлжлүүлэх бололцоог олгож, ноён Ерөнхийлөгч таны гаргасан санаачилгыг хамруулаад, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг улам хөгжүүлж хамтарч ажиллана. Бид Франц Улсдаа илүү олон монгол оюутныг баяртайгаар хүлээн авч сургах болно.”… хэмээн дурджээ. 

МУИС нь БНФУ-ын 12 их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үүнээс дурдвал 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Сорбон 2 их сургууль, 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр шинэ Сорбоны их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан төдийгүй 2018 онд АЮФ-ийн Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвийг МУИС-д нээн ажиллуулж, монгол оюутнуудыг хамтарсан хөтөлбөрт суралцах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөтөлбөрөө сайжруулах, багш судлаачдаа чадавхжуулахад хувь нэмэр оруулж байна. Энэ хүрээнд 10 гаруй оюутан Ази-Номхон далайн бүсийн Их, дээд сургуульд суралцан Францын боловсролын магистрын дипломтой төгссөн нь эрдмийн их далайн үүд хаалгыг нээх эхлэл болж байна. Мөн Ази-Номхон далайн бүсийн оюутнуудын дунд хоёр удаа зуны сургалт зохион байгуулсан нь онцлогтой юм. 

МУИС-ийн Европ судлалын тэнхимийн франц хэлний хөтөлбөрийн монгол багш нар бүгд эрдмийн зэрэг (Ph.D) -тэй бөгөөд хэл шинжлэл, орон судлал, боловсрол судлал, орчуулга судлал, үгийн сан, авиа зүйн чиглэлээр мэргэшин эрдэм судлал, судалгааны ажлаа эрхлэн ном бүтээлээ туурвиж байна.