images

МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “PREMIERE VISION PARIS-2023” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2023-07-05

342

Монголын Ноос, Ноолуурын Холбоо, манай үндэсний үйлдвэрлэгчид болох “Говь” корпораци, “Кашмир холдинг”, “Ханбогд”, “Сноу Филдс” зэрэг компаниуд Парис хотноо 7 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болж буй бөс бараа, савхи, хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогчдод зориулсан олон улсын “Première Vision Paris-2023” мэргэжлийн үзэсгэлэнд оролцож байна.  

Үзэсгэлэнд Монголын ноос, ноолуурын холбооны “Монголын хаан ширхэгт”, тогтвортой текстилийн үйлдвэрлэлийн тэмдэгтийн баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлсэн үндэсний компаниуд оролцож буй бөгөөд манай компаниуд Монголын ноос, ноолуурын онцлог давуу тал, байгаль, мал амьтанд ээлтэй дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгөх тогтолцоог дэлхийн стандартад нийцүүлэн нэвтрүүлсэн талаар энэ үеэр зочдод танилцуулж, олон улсын худалдан авагчидтай холбоо тогтоон ажиллаж байна. 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирж оролцож буй үндэсний компаниудын төлөөлөгчидтэй уулзаж, тус арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажилласанд үзэсгэлэнийн зохион байгуулагчдад талархал илэрхийлэв. Энэ удаагийн үзэсгэлэнд 50 гаруй орны 1400 орчим үйлдвэрлэгчид оролцож байгаа бөгөөд тус үзэсгэлэнд манай үндэсний үйлдвэрлэгчид ийнхүү оролцож буй нь олон улсын зах зээлд танигдах, дэлхийн, бүс нутгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд холбогдох, уул уурхайн бус экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.