images

ОНОН БАЛЖИЙГ ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-19

335

ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дугаар ээлжит хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байранд хуралдав.

Энэхүү хуралдаанаар ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн үйл ажиллагаа, дэлхийн экосистем, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах болон Лимагийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээг өргөтгөх, Шим мандлын нөөц газруудын олон улсын өдрийг тэмдэглэх, Хүн ба шим мандал хөтөлбөрийн нэрийг өөрчлөх, Нөөц газруудын хамгаалалтыг дэмжих Мишел Батисын шагнал, Залуу эрдэмтдийг дэмжих, Зөвлөх хорооны зөвлөмж, Нарийн бичгийн дарга нарын газрын тайлан зэрэг өргөн хэмжээний олон асуудлыг авч хэлэлцэв.

Манай улс 2022 онд Зүүн Азийн Шим мандлын нөөц газруудын сүлжээний 16 дугаар хурлыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Тосон хулстайн нөөц газарт Дорнод, Хэнтий аймгийн төлөөлөл, нутгийн иргэдийг оролцуулан зохион байгуулсан бөгөөд Хүн ба шим мандал хөтөлбөрийн 2015-2025 оны стратеги болон Лимагийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Энэхүү хуралдаанаар манай улсаас Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын номинацыг авч хэлэлцэн бүртгэх шийдвэрийг гаргалаа. Манай улсын хамт Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Колумби, Герман, Перу, Индонез, Пакистан, Танзани улсын болон Кени, Уганда улсын хамтран нэр дэвшүүлсэн 11 газрыг дэлхийн сүлжээнд шинээр бүртгэлээ. Ийнхүү Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 134 улсын 748 газар бүртгэгдэж, тус сүлжээ өргөжиж байна

Манай улс сүүлийн жилүүдэд Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээг өргөтгөхөд хувь нэмрээ оруулж, 2020 онд Тосон хулстай, 2021 онд Увс нуурыг хил дамнасан нөөц газраар, 2022 онд Хөвсгөл нуур, 2023 онд Онон балжийг бүртгүүлж, нийт 9 нөөц газрыг дэлхийн сүлжээнд бүртгүүлээд байна.