images

МОНГОЛ УЛСААС МОНАКОГИЙН ХАНТ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-16

298

Монгол Улсаас Монакогийн Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Монакогийн Хан Хоёрдугаар Альбертад  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Хан Хоёрдугаар Альбертад уламжилж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн хугацаанд хамтын ажиллагаа боловсрол, эрүүл мэнд, соёлын өвийг хамгаалах, археологи, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэн цаашид харилцан сонирхсон бусад салбарт мөн өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах эрмэлзлээ илэрхийлэв. Монакогийн Хан Хоёрдугаар Альберт Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж,  Элчин сайд У.Нямхүүд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсэв.

Энэ өдөр Элчин сайд У.Нямхүү Монакогийн Хант Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд хатагтай Изабэль Бeрро-Амадэй, Монакогийн Эдийн засгийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч ноён Филип Ортелли, Антропологийн музейн захирал хатагтай Элэна Россони-Нотэр нарын албаны хүмүүстэй тус тус уулзаж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй гадаад арга хэмжээний талаар мэдээлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломжуудын талаар санал солилцов.