images

МОНГОЛ УЛС- МОНАКОГИЙН ХАНТ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООГООД 15 ЖИЛ БОЛЛОО

ЭСЯ-ны мэдээ

2023-05-31

347

Монгол Улс - Монакогийн Хант Улстай 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоож, энэ жил найрсаг харилцаа, хамтын ажиллагааны

15 жилийн ойг тэмдэглэв. Монако Улсыг Парис дахь ЭСЯ хавсран ажилладаг.

 

Монако Улсаас Монакогийн Хан Хоёрдугаар Альберт 2008 онд, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны Ерөнхий захирал, Дэд сайд Изабель Розабрунетто 2018 онд тус тус манай улсад айлчлал хийж байсан юм.

 

Монгол Улс Монакогийн Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны түнш орноор 2008 онд сонгогдсон. Манай улсад 2009-2010 онд болсон зудын гамшигт даван туулахад зориулж Улаан загалмайн шугамаар нийт 50 мянган еврогийн буцалтгүй тусламж олгосон. Мөн Олон улсын атомын энергийн агентлагийн Хорт хавдрын эмчилгээний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нөхөн сэргээх эмчилгээний үйл ажиллагааг сайжруулах төсөлд зориулан 2012 онд 125 мянган еврогийн санхүүжилтийг олгосон билээ. 2014-2018 онд эрүүл мэнд, боловсролын салбар, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлийн төслүүдэд нийтдээ 1,4 сая еврогоор санхүүжүүлээд байна.  

 

Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Монакогийн Хант Улсын Засгийн газар хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2008 оны 8 дугаар сарын 22-нд байгуулан ажиллаж байна.

 

Хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагаанд Монгол-Монакогийн хамтарсан “Хойд тамир-Хүнүй” төсөл зүй ёсоор орно

 

  • Монгол-Монакогийн хамтарсан “Хойд Тамир-Хүнүй” археологийн төслийн судлаачид 2006 оноос Архангай аймгийн Ихтамир, Батцэнгэл сумдын нутаг Хойд Тамирын голын хөндийн чулуун зэвсгийн үеийн дурсгал, хүрэл, түрүү төмрийн үеийн түүхэнд холбогдох булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, 2013 оноос Хайрхан, Эрдэнэмандал сумдын нутагт орших Гол модны Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газарт суурин судалгаа хийж байна.

Хамтарсан экспедицийн бүрэлдэхүүнд хоёр орны судлаачдаас гадна Францын Альп-Газрын дундад тэнгисийн археологи, Нэн эртний судалгааны хүрээлэн, Тулузын их сургууль, Европын Археологийн төвийн судлаачид ажилладаг. Эдүгээ судалгаа өргөжиж зөвхөн археологи төдийгүй түүх, угсаатны зүй, геологи, палеозоологи, ургамал судлал зэрэг олон салбарын эрдэмтэд оролцож орчин үеийн шинжлэх ухааны техник, технологийн ололтыг өргөнөөр ашиглаж байна.

Монгол-Монакогийн хамтарсан археологийн судалгаа 2008 оноос Монако улсын Хан Алберт II болон ЮНЕСКО-гийн ивээл дор хэрэгжих болсон билээ. Энэхүү төслийн үр дүнд:

 

  •    2014 онд Хойд Тамирын хөндийн хүрэл, түрүү төмрийн үеийн буган хөшөө бүхий цогцолбор дурсгалт газар болон Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газар Гол мод I-ийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтанд бүртгүүлсэн.

 

  •    2019 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад “Буган хөшөө ба хүрлийн үеийн цогцолбор” номинацийг өргөн мэдүүлсэн бөгөөд уг номинацид Хойд Тамирын хөндий, Жаргалантын ам, Уушигийн өвөр гэсэн гурван томоохон дурсгалт газар багтаж байгаа болно.

 

Эдгээр цогцолбор дурсгалт газрууд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалт /UNESCO World Heritage Sites/-ад бүртгэгдвэл дэлхий нийтэд Монголын эртний түүх, соёлын өвийг судлан шинжлэх, хамгаалах, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр болох юм.