images

Францын Дайны сургуулиас зохион байгуулсан “Олон улсын өдөрлөг”-т оролцлоо

ЭСЯ-ны мэдээ

2023-05-18

295

Энэ сарын 16-ны өдөр Францын Дайны сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын өдөрлөг” арга хэмжээнд тус сургуульд суралцаж буй хошууч Р.Мөнхбадрах, Парис дахь Элчин сайдын яам, Монголын Цэргийн нэгдсэн холбооны Франц дахь салбартай хамтран Монгол Улсыг сурталчлан оролцлоо.

2022-2023 оны хичээлийн жилд тус сургуульд суралцаж буй гадаадын 66 улсын 88 офицер өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочдыг өөрийн үндэсний идээ, ундааны дээжээр дайлахын зэрэгцээ соёл, урлагийн үзүүлбэр үзүүлж улс орноо сурталчлан таниулцуулав. Энэ удаагийн арга хэмжээнд 6 улсын элчин сайд, 21 улсын цэргийн атташе, сургуулийн удирдлага, суралцагчид, Франц улсын цэргийн ахмадын холбооны төлөөлөл тэдний гэр бүл болон бусад 1000 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Дайны сургуулийн захирал, хошууч генерал Филип Потье нээлтийн үеэр хэлсэн үгэндээ улс үндэстнүүдийн соёлын ялгаа, үнэт зүйлсийг ойлгон хүндэтгэх, гадаадын болон Францын офицерууд хоорондын холбоог бэхжүүлэх, түүнчлэн эв нэгдэл, бие биенээ хүндэтгэх, харилцан ойлголцол, энх тайван, хамтын ажиллагааг дэмжих орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болж буйг онцлон тэмдэглэв.

Дайны сургууль нь 1751 оны 1 дүгээр сарын 18-нд XV Луй хааны санаачлагаар “500 залуу офицеруудыг дайнд сургах, Францын армийн шилдэг ахлах офицеруудыг бэлтгэх зорилгоор" анх байгуулагдаж байжээ.

Тус сургууль нь 1993 онд “Батлан хамгаалах коллеж”, 2011 онд “Дайны сургууль” нэртэйгээр Францын болон холбоотон улсуудын офицеруудыг стратеги, цэргийн урлагт сурган, НАТО-гийн болон тухайн улсын цэргийн удирдлагын боловсон хүчнийг бэлтгэдэг дээд шатны офицеруудын сургууль юм.

1993 оноос хойш холбоотон 126 улсын 2500 гаруй ахлах офицеруудыг сургасан бол манай улсаас нийт 5 офицер уг сургуульд амжилттай суралцаж Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, төрийн цэргийн командлалын мэргэжилтэн, анги байгуулагын удирдлагын түвшинд алба хааж байна.