images

ФРАНЦ-МОНГОЛЫН ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ ХӨГЖИЖ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2023-05-04

458

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Д.Баатарчулуун тэргүүтэй сумын дунд сургуулийн багш, сурагчдын төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчид Франц Улсын Бруссиө /Brussieu хотын "Tisser La Paix" төрийн бус байгууллагын урилгаар Франц улсад 2023 оны 4 дүгээр сарын 16-наас 5 дугаар сарын 12-ны хооронд сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна.

Сурагч, багш, албан хаагч нар хөтөлбөрийн хүрээнд Францын Лион, Пуатиер, Албервил зэрэг хотуудад зочилж тухайн хотуудын дунд сургууль болон холбогдох байгууллагуудаар зочлон франц гэр бүлүүдэд байрлан франц соёл, ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ монгол ардын дуу, хөгжим, бүжиг бүхий үндэсний соёл урлагийн тоглолтыг үзүүлж Монгол улсаа мөн таниулан сурталчилж байна.

Пуатье хотын Ренаудо /Renaudot/ коллежийн урилгаар тус хотод болсон тоглолтод ЭСЯ-ны зөвлөх С.Уянга оролцон сурагч солилцооны хөтөлбөрт оролцож сурагч солилцооны хөтөлбөрийг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж буй “Tisser la Рaix” нийгэмлэгийн тэргүүн хатагтай Кристин Мордоле, Паутиер хотын захирагчийн алба, Ренаудо коллежийн захирал, хамт олон, нэн ялангуяа манай сурагч, багш нарыг халуун дотноор хүлээн авч буй найрсаг франц гэр бүл, сурагч, багш нарт Элчин сайдын мэндчилгээг дэвшүүлж, талархал илэрхийлэв. Түүнчлэн энэхүү ажлыг дэмжин ажилласан орон нутгийн удирдлагууд, Улаанбаатар дахь Франц Улсын Элчин сайдын яаманд мөн талархал дэвшүүлэв.

 “Tisser la Рaix” байгууллага нь 2010 онд 20 гаруй франц сурагчдыг Баруунбаян-Улаан сумын урилгаар сурагч солилцооны хөтөлбөрт хамруулж байсан түүхтэй бөгөөд энэ жил тус байгууллагын урилгаар монгол сурагчид энэхүү хөтөлбөрт хамрагдаж байна. Харин ирэх жил франц сурагчид Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд зочлохоор төлөвлөж байна.

Мөн Францын Бруссиө хот болон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сурагч солилцооны хөтөлбөрөөс гадна өөр өргөн хүрээнд өргөжүүлэхээр хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулахаар зорьж байгаагаа талууд мэдээлэв.

Францын орон нутгийн сонин хэвлэл болон телевизээр сурагч солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй талаар мэдээлж монгол сурагчдын авьяас билэг, тэдний язгуур урлагийн тоглолтыг ихээхэн онцолж байна.