images

НҮБ-ЫН ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН ЗУРАБ ПОЛОЛИКАШВИЛИ ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-04-26

527

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Зураб Пололикашвили 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Мадрид хотноо байрлах НҮБ-ын ДАЖБ-ын төв байранд Монгол Улсаас Испанийн Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Гадаад харилцааны албаны дарга Бэка Жакэли, Ази, Номхон далайн бүсийн захирал Харри Хванг, ахлах мэргэжилтэн Синён Ан, Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ганхэт нар оролцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга З.Пололикашвили Элчин сайдыг хүлээн авч уулзаж буйдаа баяртай буйгаа илэрхийлээд ДАЖБ-ын зүгээс гишүүн орнууддаа аялал жуулчлалын дэд бүтцийг бэхжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд түлхүү анхаарч буйгаа дурдаж, өнгөрсөн оноос гишүүн орнууддаа аялал жуулчлалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах зөвлөмж, орчны үнэлгээ боловсруулахад нь тусалж байгааг тэмдэглэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга З.ПололикашвилиДАЖБ-аас орон нутгийн онцлог, үйлдвэрлэл, ажиллах хүчинд суурилсан тогтвортой аялал жуулчлалын бүс бий болгох зорилготой “Шилдэг аялал жуулчлалын тосгон” (The Best Tourism Villages) хөтөлбөрийг санаачилсан тухай мэдээлж үүнд Монгол Улс орон нутгуудаа нэр дэвшүүлэхийг урив. Түүнчлэн энэ 6 дугаар сард Камбож Улсад болох ДАЖБ-ын 35 дахь удаагийн Зүүн Азийн бүсийн хурал, 10 дугаар сард Узбекистан Улсад болох 25 дугаар Ерөнхий ассамблейд Монгол Улс идэвхтэй оролцохыг хүсэв.

Элчин Сайд У.Нямхүү Монгол Улсын эдийн засаг, аялал жуулчлалын салбарт цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг арилгах чиглэлээр авч буй бодлого, үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн зорилтыг танилцуулж, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцохын төлөө байгааг тэмдэглэв.

“Монголд зочлох жил”-ийн сурталчилгаа, мэдээллийг тус байгууллагын сүлжээгээр түгээн сурталчлахын сацуу хамтарсан арга хэмжээ зохион байгуулах  боломжуудыг судлан хамтран ажиллахаар талууд тохиров.