ПАРИС НАНТЕРРИЙН ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ
Парисын Нантеррийн их сургуулийн Ерөнхийлөгч ноён Филипп Гервэйз-Ламбони, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Дэд Ерөнхийлөгч хатагтай Сониа Лехман-Фриш нар 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Монгол Улсын Их сургуулийн захирал Д.Бадарч, ЭСЯ-ны зөвлөх С.Уянга нарыг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Их сургууль Парис Нантеррийн Их сургуультай археологи, түүхийн салбарт оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй бөгөөд мөн багш судлаачдын солилцоо, бусад хамтын ажиллагааны хөтөлбөрийг нийгэм, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Парис Нантеррийн их сургуулийн Түүхийн тэнхимийн профессор Мари Фавру Францын Нант хотноо гарах "Чингис хаан" үзэсгэлэнгийн бэлтгэл ажилд шинжлэх ухааны багийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү уулзалтад мөн оролцов.
Уулзалтаар Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Илгээлт-2100" хөтөлбөрийн талаар танилцуулж, Парис Нантеррийн их сургуульд бакалаврын түвшинд Монголоос оюутан суралцуулах боломжийг мөн эрэлхийлж ажиллах талаар санал солилцлоо.
Нантеррийн их сургууль нь нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан түүний дотор хууль, эдийн засаг, урлаг, хэл иргэншил, философи, мэдээлэл харилцаа холбоо, сэтгэл зүй, боловсрол, түүх, археологи, антропологи, социологи, газар зүй, биеийн тамир, спорт, физик, математик, инженерийн чиглэлээр 34 мянга гаруй оюутан суралцдаг, 1000 гаруй багш судлаачидтай юм.